УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Люксембургийн Их Гүнт Улсад хийх албан ёсны айлчлал /2026.08.27/ эхэллээ.

Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселер Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг угтан мэндчилэв.

5362c607ca1847f78f3f87fdc0f5bb61

Дараа нь парламентын дарга нар ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын парламентын “Хүндэт зочны дэвтэр”- т гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселер нарын албан ёсны уулзалт эхэлсэн юм.

51f3596c6004469ba90859643dec2f8c

Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселер уулзалтын эхэнд ардчиллын үнэт зүйл нэгтэй Монгол Улсын парламентын тэргүүнтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Иргэдийн төлөөлөл болсон парламентын даргын айлчлал хоёр орны иргэдийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаагийн илрэл хэмээгээд, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаагаа онцлов. Эхний ээлжинд тодорхой төрлийн паспорт эзэмшигчдийн визийн нөхцөлийг хөнгөлөх, чөлөөлөх хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна гээд, энэ нь иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болно гэдэгт итгэж байгаагаа тодотгосон юм. 

a94c3e39628d469683c870fac534b96a

Түүнчлэн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй төсөл амжилттай хэрэгжиж буйг онцлон тэмдэглэсэн юм.

Эрхэмсэг ноён Клод Виселер, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж цөлжилтийн эсрэг дэлхий нийтэд манлайлал үзүүлэн ажиллаж буйд гүн талархал илэрхийллээ. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд хоёр орны бий болгосон итгэлцэл, нөхөрлөл, ирээдүйн хамтын ажиллагааны бат суурь болно гэдэгт итгэлтэй байна гэв.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, УИХ-ын даргаар сонгогдсоноос хойших анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхэлж байгаа нь бэлгэдэл болон агуулгын хувьд гүн ач холбогдолтойг тодотгосон. Европын Холбоог үндэслэгч орнуудын нэг, Европын эв нэгдэл, энх тайвны үзэл санаа институцийн бодит биелэл болсон Люксембургийн Их Гүнт Улсыг Европ дахь айлчлалынхаа анхны үүд болгож сонгосон нь манай улсын “Гуравдагч хөршийн бодлого”-ын бат бэх суурь, хоёр улсын харилцаанд чухал ач холбогдол өгч буйн тод илэрхийлэл гэлээ.

cf509b8b09164e398c559a103267584d

Энэхүү айлчлал хууль тогтоох байгууллагын тэргүүний түвшинд 24 жилийн дараа тохиож байгаа бөгөөд Монгол, Люксембургийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа түүхэн айлчлал болж байгааг онцолсон юм.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Люксембург Улсаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт, ялангуяа зүрх судасны эрүүл мэндийн чиглэлээр 25 жилийн хугацаанд “Зүрх судасны төв” төслийг амжилттай хэрэгжүүлж, эрдэнэт хүний амь насыг хамгаалж байгаад Монголын ард түмний өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Зүрх судасны чиглэлээр олон мянган эмч бэлтгэж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасны үр дүнд зүрх судасны өвчлөл тав дахин буурч, нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байсан энэхүү өвчөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай эмчилгээг хийж чадах болсон нь хоёр орны олон жилийн хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцлоллоо.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Та бидний албан ёсны уулзалт, айлчлалын хүрээнд хийх бусад арга хэмжээ манай хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг өнөөгийн түвшнөөс ахиулах, дипломат хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэхэд түлхэц болно гэдэгт бүрэн итгэлтэй байна хэмээсэн.

Түүнчлэн өнгөрсөн сонгуулийн дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентад таван нам, эвслийн төлөөлөл, анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдон нийт гишүүдийн 25 хувь болсон нь Ази тивийн дундаж үзүүлэлтээс давсан ололт амжилт гэдгийг тодотгоод, УИХ-ын даргын хувиар парламентын төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, нээлттэй, ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, мөн гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтэд тавих парламентын хяналтыг сайжруулахад тэргүүлэх ач холбогдол өгөн ажиллаж буйгаа дурдсан юм. Энэхүү шинэчлэлийн хүрээнд эхлүүлсэн иргэдийн оролцоо, олон нийтийн хяналтыг хангасан “Нээлттэй парламент” цогц санаачлага,хуулийн хэрэгжилтэд хяналт тавих болон парламентын дижитал шилжилт, хиймэл оюун ухааны ухаалаг шийдлийг судлах, нэвтрүүлэх чиглэлд парламент хоорондын олон талт хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхолтой байгаагаа мөн хөндсөн.

Уулзалтад УИХ-ын гишүүн Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, тус бүлгийн гишүүн М.Нарантуяа-Нара, Г.Тэмүүлэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцлоо.  

УИХ-ын даргын албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.