Хууль бус алт олборлолтыг зогсоож, техник хэрэгслийг улсын орлого болгоно
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хууль бус ашигт малтмал олборлолттой хатуу тэмцэж, зөвшөөрөлгүй үйл ажиллагааг таслан зогсоохыг холбогдох хууль сахиулах байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
Тэрбээр Төв, Сэлэнгэ, Булган болон бусад аймагт явагдаж буй хууль бус ашигт малтмал, тэр дундаа алт олборлолтын үйл ажиллагааг шалгаж, хууль зөрчсөн тохиолдолд таслан зогсоож, хариуцлага тооцохыг даалгав.
Мөн хууль бусаар ашиглаж байгаа машин, техник хэрэгслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хураан авч, улсын орлого болгох боломжийг бүрэн хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.
Сайд хууль бус олборлолттой холбоотойгоор 700-800 тэрбум төгрөгийн асуудал, татвар төлсөн эсэх, зөвшөөрөлтэй талбайгаасаа хэтэрсэн эсэх зэрэг олон асуудал яригдаж байгааг онцолж, эдгээрийг хууль сахиулах байгууллагууд бодит баримтад тулгуурлан шалгаж, тодорхой арга хэмжээ авах шаардлагатайг сануулжээ.
Түүнчлэн хууль сахиулах байгууллагын дотоод хяналтыг чангатгаж, хууль бус үйлдэлд оролцсон, хууль зөрчсөн албан тушаалтан болон иргэдэд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.