Оросын шатарчдыг Дэлхийн шатрын олимпиадад оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ
Олон улсын шатрын холбоо буюу FIDE-ийн Зөвлөл хуралдаж, ОХУ-ын эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудыг Дэлхийн шатрын олимпиадад оролцуулахгүй байх шийдвэрийг албан ёсоор гаргалаа. Оросын Шатрын холбооноос өөрийн тамирчдыг төвийг сахисан буюу нейтраль туган дор оролцуулах хүсэлт гаргасан боловч тус холбооны удирдлага хүлээн авахаас татгалзсан байна. Уг шийдвэрийг FIDE-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Вишванатан Анандын санал болгосноор Зөвлөлийн хурлаар хэлэлцэж, 14 гишүүний олонхын саналаар баталжээ.
Оросын багийг тэмцээнд оролцуулахгүй байх гол шалтгаан нь тус улс Украины эсрэг дайн дэгдээсэнтэй холбоотой олон улсын хориг хэвээр байгаа явдал юм. Үүнээс гадна Оросын Шатрын холбоо нь Украины эзлэгдсэн газар нутагт шатрын тэмцээн зохион байгуулсантай холбоотойгоор Спортын арбитрын шүүх буюу CAS-ийн шийдвэр гарсан байна. Үүний улмаас 2026 оны долоодугаар сард Оросын Шатрын холбооны үйл ажиллагааг FIDE-ийн зүгээс хэсэгчлэн түдгэлзүүлээд байсан нь эцсийн шийдвэрт шууд нөлөөлжээ.
Ирэх 46 дахь удаагийн Дэлхийн шатрын олимпиад нь 2026 оны есдүгээр сарын 15-наас 27-ны өдрүүдэд Узбекистан улсын Самарканд хотноо зохион байгуулагдахаар товлогдсон байна. Ингэснээр Оросын шигшээ баг 2022 оны Ченнай болон 2024 оны Будапештын олимпиадын дараа дараалан гурав дахь удаагаа Дэлхийн шатрын олимпиадыг өнжихөөр болж байгаа юм. Харин Оросын шатарчид багийн тэмцээнд улсынхаа нэрээр оролцох эрхгүй ч хувийн статустайгаар олон улсын бусад тэмцээнд төвийг сахисан далбаан дор өрсөлдөх боломж нээлттэй үлджээ.
Оросоос ялгаатай нь Беларус улсын шигшээ багт тавиад байсан олон улсын хязгаарлалтыг FIDE-ийн зүгээс өнгөрсөн сард цуцалсан байна. Үүний дагуу Беларусын баг Самаркандын олимпиадад өөрийн улсын албан ёсны далбаан дор оролцох эрхтэй болсон нь анхаарал татаж байна.
ОХУ-ын Шатрын холбооны гүйцэтгэх захирал Александр Ткачев уг шийдвэрийг эрс буруутгаж, спортыг улс төрөөс ангид байлгах зарчмыг үл тоон, хувийн карьер болон ашиг сонирхлоо дээгүүр тавьсан гишүүд олонх болсонд харамсаж байгаагаа ТАСС агентлагт илэрхийлжээ. Мөн Дэлхийн 12 дахь аварга Анатолий Карпов FIDE-ийн одоогийн удирдлагуудыг Оросыг үзэн ядах үзэлтэй шийдвэр гаргалаа хэмээн шүүмжлээд, есдүгээр сард Самарканд хотод болох FIDE-ийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа байдал өөрчлөгдөнө гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
FIDE-ийн Ерөнхийлөгч Аркадий Дворкович Европын Холбооны хориг арга хэмжээний жагсаалтад багтсаны улмаас өнгөрсөн долоодугаар сард албан тушаалаасаа түр хөндийрч, Вишванатан Ананд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа билээ. Дараагийн шинэ Ерөнхийлөгчийн сонгууль Самаркандын олимпиадын төгсгөлд буюу есдүгээр сарын 26-наас 27-ны өдрүүдэд болохоор товлогдсон бөгөөд энэ нь цаашдын олон улсын шатрын спортын бодлого, шийдвэрт томоохон өөрчлөлт авчирч магадгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.