АНУ H-1B ажлын визний хураамжийг 103 мянган ам.доллар болгохоор төлөвлөж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас өндөр ур чадвартай гадаадын мэргэжилтнүүдэд олгодог H-1B ажлын визний хураамжийг эрс нэмэгдүүлж, 103,265 ам.доллар болгон албан ёсоор хуульчлах шинэ журмын төслийг танилцууллаа. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас боловсруулсан уг журмын төслийг 2026 оны наймдугаар сарын 24-нд цахим хэлбэрээр танилцуулж, маргааш нь буюу наймдугаар сарын 25-ны мягмар гаргийн албан ёсны хэвлэл болох "Federal Register"-т нийтэлсэн байна. Шинэ журам нь өмнө нь дунджаар 2,000-аас 5,000 ам.доллар байсан визний зардлыг хэд дахин өсгөж, гадаадын нарийн мэргэжилтнүүдийг ажиллуулах зардлыг асар өндөр болгож байгаа юм.
Өмнө нь буюу 2025 оны есдүгээр сарын 19-нд Ерөнхийлөгч Дональд Трамп тунхаглал гаргаж, АНУ-аас гадуур байгаа иргэдэд шинээр H-1B виз олгоход 100,000 ам.долларын түр хураамж ногдуулах шийдвэр гаргаж байв. Гэвч Бостоны холбооны шүүхийн шүүгч Лео Сорокин 2026 оны зургаадугаар сарын 8-нд уг шийдвэрийг Конгрессын зөвшөөрөлгүйгээр хууль бус татвар ногдуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэн хүчингүй болгосон юм. Давж заалдах шатны шүүх ч мөн оны долоодугаар сарын 24-нд Засгийн газрын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон тул Трампын засаг захиргаа шүүхийн шийдвэрийг тойрч гарахын тулд Дотоодын аюулгүй байдлын яамны албан ёсны журмын сувгаар дамжуулан хураамжийг дахин хуульчлахаар ийнхүү оролдож эхэллээ.
Шинэ журмын төсөлд зааснаар 103,265 ам.долларын хураамж нь жил бүрийн квоттой бүх H-1B визний өргөдөлд хамаарах бөгөөд үүнд АНУ дотор байж байгаад статусаа өөрчлөх хүсэлт гаргаж буй иргэд ч багтах аж. Харин их, дээд сургуулиуд, тэдэнтэй хамааралтай ашгийн бус эмнэлэг зэрэг байгууллагууд, төрийн болон ашгийн бус судалгааны төвүүд, мөн одоо тус визийг эзэмшиж байгаа бөгөөд хугацаагаа сунгах гэж буй иргэд уг өндөр хураамжаас чөлөөлөгдөхөөр зохицуулагджээ. Цугларсан хөрөнгийг холбооны цагаачлалын шүүх, Цагаачлал, гаалийн хяналтын газар зэрэг хууль ёсны цагаачлалын тогтолцоог санхүүжүүлэх зардлыг нөхөхөд зарцуулахаас гадна дотоодын ажилчдыг хамгаалж, гадаадын хямд ажиллах хүчний урсгалыг хязгаарлах зорилготой гэж засаг захиргааны зүгээс тайлбарлаж байна.
Дээрх шийдвэр нь мэдээллийн технологийн салбарын Google, Amazon, Microsoft, Apple зэрэг аварга компаниуд болон банк санхүү, эрүүл мэндийн салбарт хамгийн хүнд цохилт болохоор байна. Жил бүр H-1B виз авдаг иргэдийн 70 гаруй хувийг Энэтхэгийн иргэд эзэлдэг тул Энэтхэг, Хятадын нарийн мэргэжилтнүүд, тэдний гэр бүлд маш хүнд тусахаас гадна АНУ-д нарийн мэргэжлийн боловсон хүчний дутагдал үүсэж болзошгүйг шинжээчид анхаарууллаа. Шинэ журмын төсөлд олон нийтийн санал гомдлыг 30 хоногийн хугацаанд хүлээн авах бөгөөд хэрэв оны эцэс гэхэд эцэслэн батлагдвал 2027 оны гуравдугаар сараас эхлэх 2028 оны санхүүгийн жилийн визний бүртгэлд хэрэгжиж эхлэх юм. Гэвч бизнес эрхлэгчид болон хуульчид уг шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандахаа мэдэгдээд байна.
Эх сурвалж:
• kff.org
• cfr.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.