🔴Нэг хоногт дунджаар 36 вагон АИ92 автобензин Монгол Улсад орж ирж байна

AI хөрвүүлсэн
🔴Нэг хоногт дунджаар 36 вагон АИ92 автобензин Монгол Улсад орж ирж байна

Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Чулуунбат болон холбогдох аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Монгол Улсын шатахуун хангамж, чанарын хяналт, үнийн бүрдэл болон нөөцийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Чулуунбат: 

-Энэ оны наймдугаар сард манай улс ОХУ-ын "Роснефть", "Газпром", "Енико" болон БНХАУ-ын "Петрочайна интернэйшнл" зэрэг компаниудаас нийтдээ 75 орчим мянган тонн АИ92 төрлийн авто бензин худалдан авахаар захиалга өгсөн. 

Энэ захиалгаас энэ сарын 24-ний өдрийн байдлаар нийт 51 гаруй мянган тонн АИ92 авто бензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирээд байна. Үлдсэн 125,234 орчим тонн шатахууны ачилт хийгдэн, үлдсэн хоногуудад шат дараатайгаар орж ирэхээр замдаа явж байна. Мөн дээрх компаниудаас нийт 158 гаруй мянган тонн дизель түлшний захиалга хийж баталгаажуулснаас одоогийн байдлаар 121 гаруй мянган тонн нь Монгол Улсад орж ирээд байна.

Сүүлийн өдрүүдэд БНХАУ болон ОХУ-аас Евро-5 ангиллын АИ92 авто бензин Замын-Үүд болон бусад боомтуудаар дамжин агуулахуудад бууж, хэрэглэгчдэд хүрч эхэлсэн. Мөн ОХУ-ын "Индонеко", "Газпром" зэрэг компаниудаас нийлүүлсэн Евро-5 ангиллын АИ92 авто бензинийг хэрэглэгчдэд түгээж байна.

Сүүлийн 2-3 хоногт Монгол Улсад орж ирэх вагоны тоо хэмжээ мэдэгдэхүйц өссөн бөгөөд үүнийг дагаад Улаанбаатар хот болон орон нутаг руу хийх шатахууны ачилтыг нэмэгдүүлээд байна. График мэдээллээс харахад, хоногт дунджаар 136 вагон АИ92 авто бензин орж ирж байгаа, манай улсын ердийн хэрэглээ хоногт 134 вагон байдаг байна.

Наймдугаар сарын 4-нөөс 25-ны хоорондох сүүлийн 21 хоногийн ачилтын мэдээллээр Улаанбаатар хотод нийт 120 орчим мянган тонн бүтээгдэхүүн, хөдөө орон нутаг руу 118 орчим мянган тонн бүтээгдэхүүнийг тус тус түгээсэн. Сүүлийн хоёр хоногт орон нутгийн хангамж, түгээлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, өдөрт бараг 1,000 орчим тоннд хүргэсэн байна.

Сүүлийн үед Евро-5 ангиллын АИ92 авто бензиний үнэ Улаанбаатар хот орчимд 2,000 орчим төгрөгөөр өссөнтэй холбогдуулан хэрэглэгчдийн дунд "Ердийн буюу К2 ангиллын Аи-92 бензинийг Евро-5 ангиллын үнээр худалдан борлуулж байгаа юм биш биз" гэсэн хардлага, сэрдлэг үүссэн.

Үүнтэй холбоотойгоор АМГТГ-аас өчигдөр "Петровис" компанийн толгойн агуулахаас Евро-2 болон Евро-5 ангиллын авто бензиний дээжийг авч, АМГТГ-ын харьяа Уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний төв лабораторид шинжилгээ хийлгэлээ. Шинжилгээний дүнгээр авсан хоёр дээж нь Монгол Улсын MNS 217:2017 стандартын техникийн шаардлагыг бүрэн хангаж байгаа нь тогтоогдсон.

Экологийн ангиллын гол үзүүлэлт болох хүхрийн агууламжийн хувьд Евро-5 ангиллын авто бензин: Стандартаар хүхрийн агууламж 10 ppm-ээс бага байх ёстой бөгөөд шинжилгээний дүнгээр 9.2 ppm гарсан. Евро-2 (энгийн) ангиллын авто бензин: Стандартаар хүхрийн агууламж 500 ppm-ээс бага байх ёстой бөгөөд шинжилгээний дүнгээр 193 ppm гарсан байна.

Хүхрийн агууламж бага байх тусам агаар орчны бохирдол болон хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасдаг. Хүхрийг багасгах нь үйлдвэрлэлийн шатанд нэмэлт процесс буюу хүхэргүйжүүлэх технологийн үйл ажиллагаа шаарддаг учраас  Евро-5 ангиллын шатахууны өртөг өндөр байдаг байна.

Өнөөдөр АМГТГ-ын лабораторийн болон агентлагийн холбогдох мэргэжилтнүүд хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй хамтран "МТ" (Зи), "Шунхлай", "Петровис", "Сод Петролиум" зэрэг компаниудын агуулахуудаас АИ-92 төрлийн К2 болон К5 ангиллын авто бензинээс дээж авах, шинжилгээ хийх ажлыг нээлттэй зохион байгуулж байна.

Шатахууны чанарын асуудал сүүлийн 10 гаруй жил яригдаж байгаа бөгөөд олон улсад, тэр дундаа манай хоёр хөрш улс Евро-5 ангиллын шатахуун хэрэглэхийг шаарддаг болсон. ОХУ 2016 оноос, БНХАУ 2017 оноос Евро-5 ангилалд бүрэн шилжсэн. Орос-Украины дайнтай холбоотойгоор ОХУ дотооддоо Евро ангиллаа түр бууруулж, Евро-2 ангиллын шатахуун үйлдвэрлэж байгаа. 

Манай улсын хувьд энгийн АИ-92 бензиний үнийг хямд барих бодлого баримталж ирсэн учраас ОХУ-ын Ангарскийн боловсруулах үйлдвэрээс Евро-2 (К2) ангиллын авто бензинийг голчлон оруулж ирдэг. Энэ сард орж ирж буй 75 орчим мянган тонн АИ-92 бензиний 58 орчим мянган тонн нь Евро-2, үлдсэн 17 орчим мянган тонн нь Евро-5 ангиллын шатахуун байна.

Газрын тосны бүтээгдэхүүний татварын тухайд УИХ-ын тогтоол болон Онцгой албан татварын хуулиар Засгийн газарт эрх олгосны дагуу 2026 оны дөрөвдүгээр сараас хойш гаалийн албан татварыг тэглэсэн. 2025 оны сүүлээр онцгой албан татварыг мөн тэглэсэн тул одоогийн байдлаар татварын зохицуулалтаар үнийг бууруулах боломжгүй болсон.

Олон улсад экологийн ангиллаас нь хамаарч өндөр ангиллын түлшинд бага татвар, бага ангиллын түлшинд өндөр татвар ногдуулах замаар зохицуулдаг туршлага байдаг. Өнөөдрийн байдлаар манай улсын хувьд нэгдүгээрт хангамжийн тогтвортой байдал, хоёрдугаарт чанар, гуравдугаарт үнийн асуудал эрэмбэлэгдэж байна.

Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр Монгол Улсад Аи-92 авто бензиний ердийн хэрэглээний 8 хоногийн нөөцтэй байсан бол өнөөдөр ачилт нэмэгдсэнтэй холбоотойгоор 9 хоногийн нөөцтэй болоод байна. Цаашид ачилтууд тогтворжвол хэвийн хэмжээ буюу 30 хоногийн нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Үүссэн хомстолын нөхцөлд нөөцийг богино хугацаанд шууд бүрдүүлэх боломж хязгаарлагдмал тул аажмаар нэмэгдүүлнэ.

Маргааш ОХУ-ын "Роснефть" компаниас есдүгээр сард нийлүүлэх бүтээгдэхүүний үнийн санал ирнэ. Үүний дагуу манай улсын аж ахуйн нэгжүүд "Роснефть", "Газпром", "Енико" зэрэг компаниудад захиалгаа өгч баталгаажуулна. Урьдчилсан байдлаар БНХАУ-аас есдүгээр сард 10 мянган тонн орчим АИ-92 авто бензин авахаар тохиролцсон бөгөөд тэдгээр хүмүүс маргааш, нөгөөдөр ирж дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Үүнээс гадна Бүгд Найрамдах Солонгос Улсаас 20 мянган тонн авто бензин болон түлш авахаар салбарын сайд очиж тохиролцсон. Одоо тухайн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй төмөр замын тээвэр ложистикийг хэрхэн шийдвэрлэх талаар яриа хэлэлцээ хийгдэж байна. Манай улсын АИ-92 авто бензиний сарын ердийн хэрэглээ 70 орчим мянган тонн байдаг бөгөөд ирэх саруудад 75 мянган тонноос дээш хэмжээгээр, боломжит бүх эх үүсвэрээс худалдан авахаар ажиллаж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.