“Өөрчилье, Бүтээе” Үндэсний хөдөлгөөн орон даяар эхэллээ
Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болж, “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж буйгаа албан ёсоор зарлалаа.
“Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн Ардчилсан намын гишүүдийн хүрээнд бус, нэг сая иргэний оролцоонд тулгуурлан өрнөх үндэсний хэмжээний хөдөлгөөн юм. Улс орны өмнө тулгамдаж буй асуудлыг иргэдтэйгээ хамт тодорхойлж, бодит шийдлийг хамтдаа боловсруулах нь хөдөлгөөний гол зорилго гэдгийг Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл онцоллоо.
Хөдөлгөөний хүрээнд иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, боломжит шийдлүүдийн талаар ярилцана. Үүний зэрэгцээ салбар бүрээр болон шат шатны түвшинд хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс гарсан санал, хэрэгцээ, шийдлийг нэгтгэн Ардчилсан намын ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн суурь болгох юм.
Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл хөдөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ өнөөгийн Монгол Улсад засаж, өөрчлөх шаардлагатай олон асуудал хуримтлагдсаныг онцлов.
“Өнөөдрийн Монгол залуус, ахмадуудын хүссэн Монгол биш болжээ. Бидэнд засаж, өөрчлөх ёстой олон зүйл байна.
Ахмадууд тэтгэвэрт гараад ядуусын эгнээнд шилждэг тогтолцоог өөрчилнө. Эр цэрэгт мордсон хөвгүүд ээждээ эргэж очдоггүй болсон эмгэнэлт явдлыг таслан зогсооно. Бизнес эрхлэгчдээ дарамталдаг өндөр татвар, зээлийн хүүгийн мөлжлөгийг өөрчилнө.
Энэ өөрчлөлтийг Ардчилсан намын манлайллаар, ард түмэнтэйгээ хамт хийнэ. Бидний зорьж буй өөрчлөлтийн зүг чиг бол “Бүтээдэг Монгол”.
Бүтээдэг улс, бүтээдэг үндэстэн болохын тулд шаардлагатай дэд бүтэц, орчин нөхцөлийг та бид хамтдаа бий болгоно. Энэ бол монголчуудын хүсэл, тэмүүллээс урган гарсан өөрчлөлт. Энэ бол Ардчилсан хувьсгалын дараагийн давлагаа, бидний хийх үйл хэрэг, бидний үзэл санаа юм.
“Өөрчлөе, бүтээе” үндэсний хөдөлгөөн бол ардчиллын дараагийн давалгаа. Үүнийг манлайлан хийх түүхийн даалгавар, ирээдүйн боломж та бидний өмнө байна” хэмээн онцоллоо.
“Өөрчлөе, бүтээе” үндэсний хөдөлгөөнөөр дамжуулан Ардчилсан нам иргэдийн дуу хоолойг бодлого боловсруулах үйл явцын төвд авчирч, асуудлыг иргэдтэйгээ хамт сонсож, хамт оношилж, хамт шийдэж, Бүтээдэг Монголын төлөөх бодит өөрчлөлтийг эхлүүлэх зорилт тавьж байна.
Зургийн цомог
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.