🔴О.Цогтгэрэл: Монгол Улс түүхий эдээ гаргаж, түүнийгээ хувааж хэрэлддэг биш, "Бүтээдэг Монгол" болох ёстой
Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл улс орны өнөөгийн нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлууд болон тус намаас эхлүүлж буй шинэчлэлийн аяны талаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:
-Өнөөдөр манай улсад ирээдүйн том мөрөөдөл үгүй болж, зөвхөн өнөө маргаашаа аргацаасан, оочир дараалал бодсон, авлига хээл хахууль, албан тушаал, айдсаар барьцаалагдсан улс төрийн нэг хэсэг болон хувирлаа. Ийм учраас Ардчилсан намаас эхлүүлж байгаа энэ өөрчлөлтийн аян нь тодорхой зүг чигтэй гэж үзэж байгаа юм. Энэхүү зүг чиг нь Монгол Улсыг "бүтээдэг" болгож өөрчлөхөд чиглэж байна.
Монгол Улсад өнөөдөр гадагшаа гарч байгаа бараа бүтээгдэхүүний 96 хувийг түүхий эд эзэлж байна. Харин гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь эцсийн бүтээгдэхүүн байна. Тэгэхээр Монголдоо юу ч бүтээдэггүй, зөвхөн түүхий эд гадагшаа гаргадаг, дотроо хувааж иддэг, хэрэлддэг, эрх баригчид тоглолт хийж, мөнгө тарааж сонгуулийн саналыг авдаг, ард түмнээ зөвхөн санал өгөгч хэрэгсэл гэж үздэг энэ улс оронд ирээдүй байхгүй.
Бидний уриалж буй өөрчлөлтийн аян нь Монгол улс орныг өөд нь татах өөрчлөлтийн дараагийн том давалгаа, том үзэл санаа. Үзэл санаанд очихын тулд үйл хэрэг болж, үндэстнээрээ оролцох ёстой.
2025 оны дүнгээр Монгол Улсад сүүлийн 20 жилийн хамгийн цөөхөн буюу 56,222 хүүхэд төрсөн байна. Эцэг эхчүүд ирээдүйдээ итгэлгүй болчихоод байна. Хөгшчүүл нь тэтгэвэртээ гараад ядуурлын ангал руу орж байна.
Энэ хөдөлгөөний хүрээнд нэг сая орчим иргэнтэй зохион байгуулалтад орж, улс даяараа бие биеэ сонсох ёстой. Бид 100 мянган гар барилт буюу амьд харилцааг зорьж байгаа. Ингэснээр Монголыг өөрчлөх 100 саналыг тодорхойлон гаргаж ирье ээ. Энэ 100 саналыг 100 шийдэл болгоё, 100 бүтээл болгож хувиргая. АН 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд, 2028 оны УИХ-ын сонгуульд салбар бүрийн 100 шийдэлтэйгээ бид нар оролцоно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.