Ц.Сандаг-Очир: Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах асуудал нь зөвхөн байгаль хамгааллын салбарын асуудал биш
“Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал нь Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдал, ирээдүй хойч үедээ үлдээх байгалийн өвийн тухай асуудал юм.” хэмээн Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн Сайд Ц.Сандаг-Очир онцлов.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд “Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэн, экосистемийн үйлчилгээ” сэдвийн хүрээнд Ногоон бүсийн “Байгаль” павильонд зохион байгуулагджээ.
Олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, санхүүжилт, менежмент болон талуудын оролцооны талаар санал солилцон, харилцан туршлага солилцох, халууг яриа өрнүүлэх талбар болж чадсан юм.
Хөтөлбөр, үйл ажиллагааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газар, Монголын Байгалийн Өв Сан, Де Нэйче Консерванси (TNC) Монгол дахь төлөөлөгчийн газар, “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн Төслийн зохицуулах нэгж хамтран зохион байгуулав.
Сайд Ц.Сандаг-Очир нээлтийн үгэндээ Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг нь хүнс, усны аюулгүй байдал, уур амьсгалын тэсвэрлэх чадвар, биологийн олон янз байдал, орон нутгийн иргэдийн амьжиргаа, улсын ирээдүйн хөгжилтэй салшгүй холбоотойг онцолж, “Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах асуудал нь зөвхөн байгаль хамгааллын салбарын асуудал биш. Энэ бол Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдал, ирээдүй хойч үедээ үлдээх байгалийн өвийн тухай асуудал юм” хэмээлээ.
Хөтөлбөрийн хүрээнд Монгро Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, ТХГН-ийн Замын зураг, түүний ач холбогдол, дэлхийн чиг хандлагатай хэрхэн уялдаж буй талаар бодлогын газраас танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Бодлогын шинэчлэл нь хамгаалалтад авах талбайг нэмэгдүүлэхээс гадна хамгаалсан газар нутгийг үр дүнтэй удирдах, тогтвортой санхүүжүүлэх, шинжлэх ухаан, бодит мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах, нутгийн иргэдийн оролцоог хангах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байгаа. Эдгээр болон бусад хамрах сэдвийн хүрэээд төр, олон улсын байгууллага, иргэний нийгэм болон ТХГН-ийн хамгаалалтын захиргаадын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг өрнөв.
Хэлэлцүүлэгт Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN), Де Нэйче Консерванси (TNC), ЮНЕСКО болон ТХГН-ийн хамгаалалтын захиргаадын төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийллээ.
Үүний дараа “Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг дэмжих шинэ хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа болон “Эн Си Ди Групп” ХХК зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хангах экологийн гарц байгуулах төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Хөтөлбөрийн бас нэг онцлох хэсэг нь ТХГН-ийг хариуцан хамгаалж буй байгаль хамгаалагчид ажлынхаа үнэ цэн, онцлог, өдөр тутамд тулгардаг сорилт, уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөлөл, хамгааллын ажлыг цаашид хэрхэн бэхжүүлэхэд шаардлагатай талаар харилцан туршлага солилцов.
Монгол орны ялгаатай экосистем, хамгааллын онцлогийг төлөөлсөн Хан Хэнтий ДЦГ, Богдхан уулын ДЦГ, Говийн бага ДЦГ, Хөвсгөл нуурын БЦГ, Хустайн БЦГ, Их Нартын БНГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаад биологийн олон янз байдал, зэрлэг амьтан хамгаалал, экологийн гарц, мониторинг, хүлэрт намгийн хамгаалал, хамтын менежмент, хот орчмын газар ашиглалт зэрэг чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, тэргүүн туршлагаа танилцуулсан.
Өдрийн турш “ТХГН-ийн паспорттой аялал” өртөөчилсөн танин мэдэхүйн үйл ажиллагаа үргэлжилж, хүүхэд, залуучууд, гэр бүл болон бусад оролцогчид ТХГН-ийн талаар танин мэдэхүйн даалгавар гүйцэтгэж байгаль хамгаалалд өөрийн оруулах хувь нэмрийн талаар амлалт бичих байдлаар идэвхтэй оролцжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.