Монголын бэлчээрийн экосистемийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбох боломжийг хэлэлцэв
СОР17 бага хурлын хүрээнд Монгол Улсын нийт газар нутгийн 70 орчим хувийг эзэлдэг бэлчээрийн экосистемийг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагааг нүүрстөрөгчийн зах зээлтэй уялдуулан санхүүжүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.
“Бэлчээрээс нүүрстөрөгчийн зах зээл рүү: Монгол Улсын үндэсний тэргүүлэх зорилтуудын хүрээнд нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх боломжийг нээх нь” сэдэвт тус хэлэлцүүлгийг Япон, Монголын Хамтарсан кредит олгох механизм, Үндэсний Ногоон Лаб, Clean Commodities & Energy байгууллага, Монголын Бизнесийн Зөвлөл болон Монголын Байгалийн Өв Сан хамтран зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улс бэлчээрийн доройтлыг бууруулах, газрын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ нүүрстөрөгчийн зах зээлээс уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилт татах боломжтойг онцолсоноос гадна Монгол Улсын үндэсний тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд нүүрстөрөгчийн зах зээлийг хэрхэн үр ашигтай ашиглах, олон улсын зах зээлд оролцоог хэрхэн өргөжүүлэх, бэлчээрт түшиглэсэн төслүүдийг хэрхэн санхүүжүүлэх талаар хэлэлцжээ.
Монгол, Япон хоёр улс 2013 оноос Хамтарсан кредит олгох механизм (JCM)-ын хүрээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ оны долдугаар сард нарны эрчим хүчний төслүүдээс бий болсон 86,564 тонн CO₂-тэй тэнцэх ITMO-г Япон Улсад шилжүүлсэн байна.
Мөн Монгол Улс 2026 оны долдугаар сард Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох болон нүүрстөрөгчийн зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тус хууль нь хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тайлагнах, баталгаажуулах тогтолцоо болон олон улсын шилжүүлгийг хэрэгжүүлэх үндсийг тодорхой тусгажээ. Үүний зэрэгцээ Монгол Улсын Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэрт (NDC 3.0) 2025–2035 онд уур амьсгалын өөрчлөлтийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд ойролцоогоор 14.8 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж тооцоолсон байна. Тиймээс бэлчээрийн тогтвортой менежмент, экосистемийн нөхөн сэргээлтийг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбох нь байгаль орчны үр өгөөжөөс гадна малчдын амьжиргааг дэмжих, хөрөнгө оруулалт татах, Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн зорилтуудыг санхүүжүүлэх шинэ боломж болох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.