COP17: Элсэн болон шороон шуурганы ажлын хэсгүүдийн олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг болов
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд БНХАУ, БНСУ, Япон Улсын Байгаль орчны сайд нарын гурван талт уулзалт (TEMM)-ын Элсэн болон шороон шуурганы I, II дугаар ажлын хэсгийн олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг болжээ.
Байгаль орчны сайд нарын гурван талт уулзалт буюу TEMM нь 1999 оноос хойш Зүүн Хойд Азийн орнуудын байгаль орчны хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн хэмжээнд тулгамдаж буй нийтлэг асуудлыг хамтран шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулж ирсэн үр дүнтэй хамтын ажиллагааны механизм юм.
TEMM-ийн хүрээнд байгуулагдсан Элсэн болон шороон шуурганы I, II дугаар ажлын хэсэг нь 2008 оноос хойш элсэн болон шороон шуурганы мониторинг, хамтарсан судалгаа, урьдчилан мэдээлэх тогтолцоог хөгжүүлэх, шинжлэх ухааны мэдээлэл солилцох чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Монгол Улс энэхүү хамтын ажиллагаанд ажиглагч улсын хувиар тогтмол оролцож, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны мэдлэг, туршлага солилцоход хувь нэмрээ оруулсаар байна.
Олон нийтэд нээлттэй хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлт болон элсэн, шороон шуурганы харилцан хамаарал, түүний нөлөөллийг үнэлэх, урьдчилан таамаглах шинжлэх ухаан, технологийн сорилт, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж зэрэг асуудлыг хөндөн хэлэлцлээ.
Энэхүү хэлэлцүүлэг нь элсэн болон шороон шуурганы гол эх үүсвэр бүс нутгийн нэг болох Монгол Улсад, тэр дундаа UNCCD COP17-ын хүрээнд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Мөн TEMM-ийн Элсэн болон шороон шуурганы ажлын хэсгүүдийн олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, шинжлэх ухааны судалгаа, мониторинг, урьдчилан мэдээлэх чиглэлийн ололт амжилтыг олон нийтэд танилцуулахын зэрэгцээ элсэн болон шороон шуурганы хил дамнасан нөлөөллийг бууруулахад бүс нутгийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны ач холбогдлыг олон нийтэд хүргэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Цаашид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр элсэн болон шороон шуурганы эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед хамтарсан судалгаа, мониторинг, мэдээлэл солилцоо, урьдчилан мэдээлэх тогтолцоог бэхжүүлэх нь Зүүн Хойд Азийн бүс нутгийн нийтлэг сорилтыг даван туулахад чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.