🔴Б.Пүрэвдагва: Үерийн эрсдэлийг бууруулах төслийн хүрээнд "Дэлхийн банктай" гэрээ байгууллаа
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Энэхүү хурлын хүрээнд НҮБ-аас гаргасан шинэ санаачилгын дагуу Хотын дарга нарын форум анх удаа Улаанбаатар хотноо болж байгаа бөгөөд тус форумд олон улсын 206 орчим төлөөлөгч, үүний дотор 24 хотын дарга, удирдлагууд, 33 улсын төлөөлөл, олон улсын 51 байгууллага болон хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид оролцож байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва:
-Олон талт оролцогчид цугларсан энэ форумаас Улаанбаатар хот бодит үр дүн, хөрөнгө оруулалт авч үлдэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Үерийн эрсдэлийг бууруулах төслийн хүрээнд Дэлхийн банктай томоохон хэлэлцээрийг үзэглэлээ. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр нийслэлд шаардлагатай замуудыг барих хэлэлцээрийг хийлээ. АЕГ-аас Тэмээтэй хөшөө хүртэлх чиглэлийн трамвайн төслийг хоёр жилийн дотор багтаан хэрэгжүүлэх санхүүжилтийг баталгаажууллаа.
Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-тэй хамтран ногоон хөгжил болон уур амьсгалын санхүүжилт (Climate Financing)-ийн чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байна. Үүнээс гадна, нийтийн тээврийн салбарт орчин үеийн дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр технологийн компаниудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.
Энэ өвөл Улаанбаатар хот 2073 МВт-ын ачаалал авахаар байгаа. Одоогоор 150 МВт-ын дутагдалтай байна. Эрчим хүчний яам болон нийслэлийн зүгээс энэхүү дутагдлыг хэрхэн нөхөх талаар ажиллаж байна. Энэ үед сэргээгдэх эрчим хүчний компаниуд өөрсдийн хөрөнгө оруулалтаараа бүтээн байгуулалт хийх санал тавьсан. Нийслэлийн төсөвт өр, ачаалал нэмэхгүйгээр, тулгамдсан асуудлуудыг гадны хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрээр шийдвэрлэх бодлого барьж ажиллаж байна.
Форумын хүрээнд маргааш болон нөгөөдөр АНУ, Их Британи, Франц, Герман, Турк, Бразил, Хятад, Орос, Шри-Ланка, Бангладеш, Энэтхэг зэрэг олон орны хотын дарга нартай 30 гаруй нүүр тулсан уулзалтуудыг хийнэ.
Сэлбэ дэд төвийн бонд нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарчихсан санхүүжилт учраас бид өөр зүйлд зарцуулах хууль эрх зүйн боломжгүй. Мөн улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед нэгдмэл улсын хувьд нийслэл болон орон нутаг хамтдаа ачааллыг үүрч, хэмнэлтийн горимд шилжсэн. Удахгүй төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төслийг өргөн барих үеэр тодорхой мэдээлэл олон нийтэд өгнө.
Хотын дарга нарын уулзалтаас зөвхөн яриад өнгөрөх биш, бодит ажлын зураглал бүхий "Улаанбаатарын тунхаглал" болон "Улаанбаатарын санаачилга"-ыг гаргаж, оролцогч талуудаар гарын үсэг зуруулахаар бэлтгэж байна. Улаанбаатар хот нь "Сити Эй Форум" (City A Forum)-ыг хоёр жилийн хугацаанд даргална. Энэ сүлжээг ашиглан хотын хөрөнгө оруулалт, олон улсын оролцоог нэмэгдүүлэхэд идэвхтэй ажиллах болно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.