"4,950 төгрөг Евро-92 шатахууны бодит өртөг дээр суурилсан үнэ"

AI хөрвүүлсэн
"4,950 төгрөг Евро-92 шатахууны бодит өртөг дээр суурилсан үнэ"

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан "Шуурхай шатахууны штаб"-ын хурал өнөөдөр 12:00 цагт хуралдаж дууслаа. Үүнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай болон импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл шатахууны нөхцөл байдал, импортын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай:

-Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд Оросын Холбооны Улсаас нийт 150 орчим вагон буюу ойролцоогоор 19 мянган тонн АИ-92 автобензин Монгол Улсад нийлүүлэгдээд байна.

Монгол Улсын АИ-92 автобензиний өдрийн дундаж хэрэглээ 2,000 тонн байдаг бол сүүлийн өдрүүдэд үүссэн хомсдолын хүлээлтээс шалтгаалан иргэдийн худалдан авалт 25 хувиар нэмэгдэж, өдөрт 2,500 орчим тонн түгээлт хийгдэж байна. Энэхүү өссөн хэрэглээтэй харьцуулахад шатахуун боломжит хэмжээгээр орж ирсэн бөгөөд үүний нэлээдгүй хувийг Евро-5 стандартын АИ-92 автобензин эзэлж байна.

Өчигдөр болон уржигдар Улаанбаатар хотод нийт 2 сая литр буюу ойролцоогоор 1,600 тонн АИ-92 автобензин борлуулагджээ. Тодруулбал:

  • Улаанбаатар хотод: Уржигдар 127 мянга, өчигдөр 60 мянга орчим хэрэглэгч шатахуун худалдан авсан байна.
  • Орон нутагт: Уржигдар 40 мянга орчим, өчигдөр 37 мянга орчим хэрэглэгч худалдан авалт хийжээ.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод шатахууныг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгож байна. Орон нутгийн хувьд тухайн аймаг, сумдын ШТС-уудын нөөцөөс шалтгаалан зарим газарт тодорхой лимиттэй, зарим газарт лимитгүй олгож байгаа юм. Орон нутгийн хангамжийг сайжруулах хүрээнд импортлогч компаниуд Баянхонгор, Дорноговь, Дундговь, Хэнтий аймаг руу тодорхой нөөцийг ачуулан тээвэрлэж байна.

Өнөөдөр манай улсын худалдан авч буй энгийн АИ-92 автобензинийг ОХУ-ын дотоодын биржийн үнээр авч байгаа бөгөөд олон улсын зах зээл дээрх бэлэн бүтээгдэхүүний үнэ 850 ам.доллар биш, 1,120-оос 1,200 ам.доллар байна. Үүн дээр тээвэрлэлтийн зардал нэмэгдэнэ. Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан үнэ өдөр өдрөөр хэлбэлзэж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт бэлэн бүтээгдэхүүний үнэ 1,600 ам.долларт хүрч байжээ.

Монгол Улс тээвэр ложистикийн нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн 30 хоногийн хугацаанд тогтсон үнийн дунджаар бүтээгдэхүүн худалдан авах гэрээтэй ажилладаг. Ойрх Дорнодын хурцадмал байдлаас шалтгаалж 8 дугаар сарын 10-ны орчимд бэлэн бүтээгдэхүүний үнэ маш өндөр болсон ч эргээд буурах хандлагатай байна. Ирэх 8 дугаар сарын 25-ны орчимд бэлэн бүтээгдэхүүний үнэ эцэслэн тодорхой болно. Урьдчилсан прогнозоор ОХУ-ын дотоодын бирж дээр үнэ харьцангуй тогтворжсон тул цаашид үнэ өсөхгүй байх хүлээлттэй байна.

Монгол Улс өөрөө үйлдвэрлэгч улс биш, тээвэр ложистикийн хамааралтай тул БНХАУ болон ОХУ-ын биржийн үнээр л бүтээгдэхүүнээ худалдан авдаг. Одоогийн байдлаар нөхцөл байдал харьцангуй тогтворжих төлөвтэй байна.

Шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа ч хэрэглэгчдийн дунд үүссэн хямрал, "банкаа дүүргэх" гэсэн нөөцлөх хандлагаас шалтгаалан эрэлт хэт өндөр байна. Улаанбаатар хотод сүүлийн 4-5 хоногт нийлүүлэлтийг урьд өмнөхөөс 50 хувиар илүү нэмэгдүүлсэн боловч ШТС-уудын очер дараалал буурахгүй байна. Хэрэв нийлүүлэлт энэ хэвээр тогтвортой үргэлжилбэл Улаанбаатар хотын хэмжээнд энэ долоо хоногтоо багтаж очер дараалал намжих төлөвтэй байна.

Цаашид өвөлжилтийн бэлтгэл хангах, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан орон нутгийн хангамжийг сайжруулахад импортлогч аж ахуйн нэгжүүд онцгой анхаарч ажиллаж байна.

Евро-5 стандартын АИ-92 бензиний үнэ яагаад өндөр байна вэ?

Улаанбаатар хотод өчигдрөөс эхлэн борлуулагдаж буй Евро-5 стандартын АИ-92 автобензиний үнэ өндөр байгаа талаар "Петровис" компанийн захирал Ш.Лхагважав дараах тайлбарыг өглөө.

-Өчигдрөөс эхлэн ШТС-уудаар Евро-5 стандартын бүтээгдэхүүн өндөр үнээр зарагдаж байгаад хэрэглэгчдээс гомдол, мэдээлэл их гарсан. Бид 2023 оноос хойш АИ-92 бензинийг тонн тутамд нь 705 ам.долларын тогтмол үнээр авч байсан гэрээ энэ оны 7 дугаар сараас дуусгавар болсон. Ингэснээр бид ОХУ-ын Санкт-Петербургийн биржийн үнээр худалдан авалт хийж эхлээд байна.

Үүнээс гадна ОХУ-ын дотоод нөхцөл байдал болон геополитикийн асуудлаас шалтгаалан тус улсаас нийлүүлдэг энгийн К2 төрлийн бензиний нийлүүлэлт 40-өөс 60 хувиар буурсан. Өнөөдөр бидний хувьд үнээс илүү нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нь чухал байна. Тиймээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон шатахуун импортлогч компаниуд хамтран хэрэглэгчдийн бухимдлыг дарах, хангамжийг тогтворжуулах үүднээс К5 (Евро-5) стандартын АИ-92 бензинийг тонн тутамд нь 1,500-аас 1,650 ам.долларын өндөр өртөгтэйгөөр худалдан авч байна. Тухайлбал, БНХАУ-аас орж ирж буй бензин тонн нь 1,650 ам.долларын үнэтэй байгаа юм.

Шатахуун импортлогч компаниуд өнөөдрийн хувьд ямар нэгэн ашиг нэмэхээс илүүтэй нийгмийн хариуцлагын хүрээнд бодит өртөг дээр нь борлуулж байна. Энэ бол зах зээлийн жамаараа гарч буй бодит үнэ юм. Гадаад зах зээлээс ямар үнээр бүтээгдэхүүн орж ирж байгаа мэдээлэл бүгд нээлттэй байдаг.

Одоо зах зээл дээр гарсан 4,950 төгрөг гэдэг үнэ бол К5 төрлийн Евро-92 шатахууны бодит өртөг дээр суурилсан үнэ юм. Бид 7 дугаар сард 'Петрочайна' компанитай гэрээлж Евро-92 захиалсан боловч бараа маань хараахан ирж амжаагүй байна. Мөн 8 дугаар сарын захиалгын гэрээг хийгээд ажиллаж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.