Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна

AI хөрвүүлсэн
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ оролцож, нийслэлийн хөгжлийн суурь дэд бүтцийг бүрдүүлэх хөгжлийн 16 төслийг танилцуулж байна.

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь нийтийн тээвэр, эрчим хүч, авто зам, хот байгуулалт, усны менежмент зэрэг чиглэлээр хэрэгжиж буй 16 мега төслийн уялдааг хангах, нэгдсэн зохицуулалт, удирдлага, менежментээр чиглүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй ажилладаг. Эдгээр төсөл нь авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахын зэрэгцээ дэд төвүүдийг хөгжүүлж, Улаанбаатар хотын урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлэхэд чиглэж байна.

6a868a650e1ea02d0ac5143f

Улаанбаатар хотын ирэх 20-30 жилийн хөгжлийн суурь дэд бүтцийг бүрдүүлэх эдгээр төсөл нь зөвхөн зам, барилга байгууламжийн бүтээн байгуулалтаар хязгаарлагдахгүй. Ногоон байгууламж, усны нөөцийн хамгаалалт, газрын тогтвортой менежмент, эрчим хүчний үр ашиг, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот төлөвлөлтийг цогцоор нь тусгаж, байгаль орчинд ээлтэй технологи, шийдлийг төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилтэд нэвтрүүлж байна.

Тухайлбал, нийтийн тээвэрт “Улаанбаатар метро”, “Улаанбаатар Трам”, “Дүүжин замын тээвэр”, “Тусгай замын автобус BRT” төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  Цахилгаанаар ажиллах эдгээр тээврийн системийг нэвтрүүлснээр агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Судалгаагаар эдгээр төслийг хэрэгжүүлснээр өнөөгийн түвшинтэй харьцуулахад азотын ислийн (NOx) ялгарлыг жилд 400 тонноор, нүүрсхүчлийн хийн (CO₂) ялгарлыг 213 мянган тонноор бууруулах боломжтой гэж тооцоолжээ. Мөн Дүүжин замын тээврийн төслийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд 100 хувь цахилгаанаар ажиллах тул агаарын бохирдол, дуу чимээний нөлөөллийг бууруулсан тогтвортой тээврийн шийдэл болох юм.

6a868a760e1ea02d0ac51441

Хот байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй "Хүннү дэд төв", "Smart Selbe City", "Баянхошуу, Шархад орон сууцжуулалт"-ын төсөлд барилга угсралтын үе шатнаас эхлэн байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, усны хэрэглээг хэмнэх дэвшилтэт технологи, шийдлүүдийг нэвтрүүлж байна. Тухайлбал, Баянхошуу, Шархад дэд төвийн барилга байгууламжийг EDGE ногоон барилгын үнэлгээний системийн шаардлагад нийцүүлэн төлөвлөж, усны хэрэглээг 20 хувиар хэмнэх технологийг нэвтрүүлж байна. Мөн Smart Selbe City төслийн орон сууцны хорооллын орцны гэрэлтүүлэг, лифт зэрэг нийтийн хэрэглээний эрчим хүчийг нарны эх үүсвэрээр хангах шийдлийг төлөвлөж байгаа бөгөөд ус хангамжийн шугам сүлжээнд зэс хоолой ашиглахаар төлөвлөсөн нь эрүүл, аюулгүй, нөөцийн үр ашигтай орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.

Нийслэлд хэрэгжүүлж буй 16 мега төсөл нь хотын дэд бүтцийг шинэчлэхээс гадна байгаль орчныг хамгаалах, нөөцийн үр ашгийг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэн бүрд хүртээмжтэй, аюулгүй, хүн төвтэй хотын орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.

6a868a7a0e1ea02d0ac51442

6a868a840e1ea02d0ac51443

6a868a8c0e1ea02d0ac51444

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.