АНУ Ормузын хоолойд бүрэн хяналт тогтоосон гэж Дональд Трамп мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэрлэлтийг АНУ хяналтдаа авсан гэж мэдэгдсэн ч Иран тус усан замыг хаалттай хэвээр байлгах байр суурьтай байна.
Үүний улмаас дэлхийн эрчим хүчний худалдааны чухал гарц болох Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцны хөдөлгөөн эрс буурчээ. Reuters агентлагийн наймдугаар сарын 19-ний мэдээллээр, тухайн долоо хоногийн мягмар гарагт Ормузын хоолойгоор зургаан ачааны хөлөг өнгөрсөн нь өмнөх өдрийн есөн хөлөг болон сүүлийн үеийн өдөрт дунджаар 11 хөлөгтэй харьцуулахад буурсан үзүүлэлт байжээ.
Тээвэрлэлтийн зарим хэсэг Оманы талын чиглэлээр үргэлжилж байгаа боловч олон хөлөг уг маршрутаас зайлсхийж байна. Мөн АНУ, Ираны хооронд байгуулсан түр тохиролцооны 60 хоногийн хугацаа дууссан ч шинэ хэлэлцээр байгуулагдаагүй байна.
Хоёр талын байр суурь зөрж байгаа нь газрын тосны нийлүүлэлтэд тодорхойгүй байдал үүсгэж байна. Үүний зэрэгцээ наймдугаар сарын 19-нд АНЭУ Ирантай хийх худалдаа, санхүүгийн бүх гүйлгээг түр зогсоосон байна. АНЭУ энэ шийдвэрээ Иранаас ирж болзошгүй пуужингийн аюултай холбон тайлбарласан бөгөөд Иран уг мэдэгдлийг няцаажээ. Мөн Йемений хуситууд наймдугаар сарын 17-нд Улаан тэнгист Саудын Арабын цэргийн хөлөг болон дагалдан явсан дөрвөн хөлөг рүү пуужингаар халдсан гэж мэдэгдсэн байна. Харин Саудын Арабын тал уг мэдээллийг батлаагүй байна.
Эх сурвалж:
• dawn.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.