🔴ЗГ: 2028-2030 он гэхэд Монгол Улс эрчим хүчний хувьд бие даасан, экспортлогч улс болох зорилт тавин ажиллаж байна

AI хөрвүүлсэн
🔴ЗГ: 2028-2030 он гэхэд Монгол Улс эрчим хүчний хувьд бие даасан, экспортлогч улс болох зорилт тавин ажиллаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ногоон дата төв байгуулах эрх зүйн орчин болон боловсролын салбарт хэрэгжүүлэх “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний загварыг батлах талаар гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. 

Шадар сайд Т.Доржханд:

-Монгол Улсад Ногоон дата төв байгуулах хууль эрх зүйн орчныг эцэслэн шийдвэрлэж, холбогдох хуулийн төслийг энэ долоо хоногт багтаан УИХ-д өргөн мэдүүлнэ. Монгол Улс нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй бөгөөд эдгээрийг ашиглан дата төвийн гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эрчим хүчийг нэмүү өртөг шингэсэн хэлбэрээр экспортлох боломжтой гэж үзэж байна.

Мөн сэргээгдэх эрчим хүчний өртөг буурч байгаа нь Монгол Улсын өрсөлдөх давуу тал юм. Дата төвүүд тасралтгүй эрчим хүч шаарддаг тул сэргээгдэх эрчим хүч болон уламжлалт эх үүсвэрийг хослуулан ашиглах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Мөн Монгол Улсын хүйтэн уур амьсгал нь дата төвийн хөргөлтийн зардлыг бууруулах давуу талтай. Өнгөрсөн хаврын чуулганаар дата төв болон ногоон эрчим хүчний тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих зохицуулалтыг хуульд тусгасан гэв. 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан:

-Боловсролын салбарт “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний загварыг баталж, 2026-2027 оны хичээлийн жилд эхний ээлжийн 100 сургуулийг уг загвараар шинэчлэн зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Монгол Улсад 2400 орчим боловсролын байгууллагад 1.3 сая суралцагч, 114 мянган багш, ажилтан ажиллаж байна.

Сургууль, цэцэрлэгийн барилгын нэлээд хэсэг нь хуучирч, дулаан алдагдал ихтэй байгаа тул эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй, аюулгүй сургалтын орчин бүрдүүлэхэд уг загварыг чиглүүлсэн. “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” нь Ерөнхий сайдын санаачилсан “Ногоон чөлөөлөлт” бодлогын боловсролын салбар дахь эхлэл болох юм гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.