🔴Б.Пүрэвдагва: Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө зам засварын ажлыг дуусгана

AI хөрвүүлсэн
🔴Б.Пүрэвдагва: Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө зам засварын ажлыг дуусгана

Нийслэлээс иргэдэд ил тод, нээлттэй мэдээлэл хүргэх зорилготой "Улаанбаатарын цаг"-аар авто замын бүтээн байгуулалт болон Монгол Улсад зохион байгуулагдаж буй КОП17 хурлын үеэрх замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар танилцууллаа. 

КОП17 хурлын ногоон бүс нь Монгол Улсын улс орны өв соёл, түүх, уламжлалыг сурталчлахаас гадна тулгарч буй цөлжилт, газрын доройтлын асуудлыг дэлхий нийтэд таниулах чухал ач холбогдолтой талбар юм. Энэ удаагийн хуралд хүрэлцэн ирсэн 167 орны төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Монгол Улс өөрийн тулгамдсан асуудлууд болон гарц шийдлүүдийг танилцуулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва: 

-Хурлын ногоон бүс нь Монгол Улсын иргэдэд бүрэн нээлттэй. Энд ирснээр үндэсний өв соёлтой танилцахаас гадна газрын доройтол, усны хомстол зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх технологийн шийдлүүдтэй танилцах боломжтой. 

Нийслэлийн зүгээс иргэдтэйгээ илүү ойр ажиллаж, аюулгүй, ая тухтай хотыг бий болгох зорилгоор "Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн. Энэ платформ нь өргөдөл гомдлыг хуулийн дагуу 30 хоногт шийдвэрлэдэг байсныг өөрчилж, ажлын тав хоногийн дотор 90 хувийн гүйцэтгэлтэйгээр эргэн хариу өгөх зорилт тавин ажиллаж байна. Наймдугаар сарын 14-ний баасан гарагаас эхлэн нийт 4000 орчим мессеж ирснээс давхардсан тоогоор 634 иргэний санал, гомдлыг эрэмбэлэн ангилсан. Нийт гомдлын 45.8 хувийг зам талбай, түгжрэл, шатахуун зэрэг асуудлууд эзэлж байна. 

Наймдугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд COP17 хурлын хүрээнд Хотын дарга нарын форум зохион байгуулагдана. Одоогийн байдлаар олон улсын 57 хотын дарга, олон улсын байгууллага, томоохон корпорацуудын төлөөлөл оролцохоо мэдэгдээд байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд 40 га талбайд COP17 хурлын бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Энэ талбай нь хурлын үйл ажиллагаа дууссаны дараа нийслэлийн өмчид шилжин үлдэх бөгөөд иргэдийн амрах, зугаалах эко орчин болон үлдэх юм. Энэ талбайд үндсэн талбай, явган зам, дугуйн зам, дэд бүтэц, 250 хүний багтаамжтай хоёр ширхэг Монгол гэр, нийтийн ариун цэврийн байгууламж, ногоон байгууламж үлдэнэ. 

Таван шарын зам өнөөдрөөс нээгдэж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө газар шорооны болон замын ажлуудыг дуусгах чиглэлийг харьяа байгууллагуудад өгсөн. Зарим гаднын хөрөнгө оруулалттай замууд болон нүхэн гарцуудын ажил ажиллах хүчний дутагдлаас шалтгаалан удааширч байна. Чингисийн өргөн чөлөөний зам наймдугаар сарын 30-нд дуусна. Ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгээгүй ААН-үүдийг ангилж, "хар жагсаалт"-д оруулах арга хэмжээ авна.

Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг 07:00-21:00 цагийн хооронд зохион байгуулсан. Энэ хугацаанд өдөрт дунджаар 480-490 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна. Зах, худалдааны төвүүд болон 3, 4 дүгээр хороолол чиглэлийн хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн ч шуурхай штаб бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, хөдөлгөөний дундаж хурдыг 18 км/цаг буюу хэвийн түвшинд барьжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.