Аймгийн арслан Т.Дүүрэнсарангийн барилдах эрхийг түр түдгэлзүүлснийг баталгаажуулжээ

Аймгийн арслан Т.Дүүрэнсарангийн барилдах эрхийг түр түдгэлзүүлснийг баталгаажуулжээ

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдсан аймгийн арслан Т.Дүүрэнсарангийн шээсний сорьцод допингийн төрлийн бодис илэрсэн талаар мэдээлж байсан юм. 

Тамирчнаас 2026 оны долоодугаар сарын 12-нд авсан сорьцыг Германы Дрезден хот дахь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлэхэд хориглосон жагсаалтын S1.1 ангилалд багтдаг анаболик андрогены стероид болох дростанолоны метаболит илэрчээ.

Үүнтэй холбоотойгоор Т.Дүүрэнсарангийн тэмцээн, уралдаан болон спортын бусад үйл ажиллагаанд оролцох эрхийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түр түдгэлзүүлээд байсан. Гэхдээ А сорьцод сөрөг аналитик илэрсэн нь допингийн дүрэм зөрчсөн нь эцэслэн тогтоогдсон гэсэн үг биш юм.

Дростанолон нь хориглосон жагсаалтын тусгайлан заагаагүй бодисын ангилалд хамаардаг. Үүнтэй холбоотойгоор Үр дүнгийн удирдлагын баг Допингийн эсрэг үндэсний дүрмийн 7.11-д заасны дагуу Үндэсний их баяр наадмын зохион байгуулагчаас тамирчныг 2026 оны долоодугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, тамирчныг аливаа спортын тэмцээн, уралдаан болон спортын бусад үйл ажиллагаанд оролцох эрхийг энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түр түдгэлзүүлсэн болохыг 2026 оны наймдугаар сарын 17-ны өдөр баталгаажуулан шийдвэрлэсэн байна. 

Тамирчин Б сорьцоо шинжлүүлэх, тайлбар болон нотлох баримт гаргах, сонсгол хийлгэх зэрэг эрхтэй юм. Хэргийг Допингийн эсрэг үндэсний дүрэм болон холбогдох олон улсын стандартын дагуу үргэлжлүүлэн хянан шийдвэрлэх бөгөөд эцсийн шийдвэрийг олон нийтэд мэдээлнэ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.