Сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, фэйсбүүк болон цахим групп чат ашиглахыг хориглоно
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан "сургуулийн орчинд фэйсбүүк ашиглан хичээл зааж, даалгавар авах, өгөхийг хориглоно" хэмээн мэдэгдээд байсан юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Боловсролын сайд нарын хамтарсан багш, сурагч, эцэг эхийн хоорондын сургалтын мэдээлэл солилцоо, даалгавар, үнэлгээ зэрэг үйл ажиллагааг албан ёсны, аюулгүй цахим орчинд зохион байгуулах шийдвэр гарлаа.
Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, голчлон хэрэглэдэг фэйсбүүк болон цахим групп чат ашиглахыг хориглолоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы санаачилгаар хэрэгжүүлэх уг зохицуулалтыг есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөх юм. Энэхүү шийдвэр нь сурагчдыг үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, мөн сурагчдын дүн, үнэлгээ болон хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд задруулахгүй байх зорилготой байна.
Ингэснээр сургуулиуд сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцохдоо фэйсбүүк зэрэг сошиал сүлжээ, групп чат зэрэг олон нийтийн сүлжээний оронд өөрийн байгууллагын болон суралцахуйн удирдлагын систем, албан ёсны цахим платформыг ашиглана.
Өөрөөр хэлбэл, багш, сурагч, эцэг эхийн хоорондын сургалтын мэдээлэл солилцоо, даалгавар, үнэлгээ зэрэг үйл ажиллагааг албан ёсны, аюулгүй цахим орчинд зохион байгуулахаар боллоо.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.