🔴Ц.Элбэгдорж: Намайг долоон жил шалгасны дараа хууль зөрчөөгүй, хэрэг тогтоогдохгүй байна гээд хэргийг хаасан

AI хөрвүүлсэн
🔴Ц.Элбэгдорж: Намайг долоон жил шалгасны дараа хууль зөрчөөгүй, хэрэг тогтоогдохгүй байна гээд хэргийг хаасан

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт очиж тайлбар өглөө. Түүнийг Монгол Улсын ерөнхийлөгчийн албыг хашиж байх үеэс эхлэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан нийт долоон жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: 

-Намайг Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх сүүлийн хоёр жилд АТГ-аас тодорхой асуудлуудаар асууж, тодруулж байсан. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой. Ажлаа өгөөд буусны дараа мөн таван жилийн хугацаанд шалгасан. Нийтдээ долоон жил шалгасны дараагаар эдгээр шалгасан зүйлүүд дээр хууль зөрчсөн зүйл байхгүй, хэрэгт тогтоогдохгүй байна гээд хэргийг хүчингүй болгосон. Үүнээс хойш хилийн хориг тавьсан ч шүүх хуралдаж хоригийг цуцалсан. Ингээд олон улсын үйл ажиллагаанд оролцоод явж болно гэсэн шийдвэр гарсан юм. 

Хүмүүс намайг хэрэг үйлдчихээд гараад явчихсан, одоо буцаж ирж байна гэж ойлгодог. Тухайн үед хамт алба хашиж байсан улсуудтай холбоотой асуудлаар хяналтын байгууллагынхан асууж тодруулах зүйл нээлттэй байх ёстой гэж би хувьдаа үздэг. Миний бие 2023 оны есдүгээр сард Стем (STEM) их сургуульд уригдаж ажиллахаар явсан. Одоогоор тэндээ ажиллаж байгаа. Өнөөдөр нээлтээ хийж буй КОП-ын үйл ажиллагаатай холбогдуулан миний хамтран ажилладаг гурван байгууллагын төлөөлөл бас ирчихсэн байна.

2024 он гараад л сонгуулийн өмнөхөн миний нэрийг ашигласан улс төрийн муухай гүтгэлэг, үйл ажиллагаа их явсан. Тэр үеэр шүүх рүү зохиомол хэрэг өгч, олон улсын хууль сахиулах байгууллага болох Интерпол руу миний нэрийг явуулсан байдаг.

Интерпол асуудлыг жил гаруйн хугацаанд шалгаж үзээд 'Энэ бол улс төрийн шалтгаантай асуудал байна' гэж дүгнэж Монгол Улсын Засгийн газар болон манай хууль сахиулах байгууллагаас өгсөн хүсэлтийг хүчингүй болгосон. Шүүхийн талаасаа ч, олон улсын байгууллагын талаасаа ч ямар нэгэн асуудал байхгүй. Ер нь олон улсад хамгийн нээлттэй, ил тод явдаг монгол хүмүүсийн нэг бол би. Хаана явж байгаа, юу хийж байгаагаа үргэлж хэлж, ярьж явдаг. 

АТГ-аас утасдаад 'Та нэг ирээч' гэсэн. Би уг нь КОП7 хурлын үйл ажиллагаанд оролцохоор урилгаа авчихсан явж байгаа ч эхлээд үүгээр орж, асуух зүйлд нь хариулаад явъя гэсэн зорилготой ирлээ. Надад яг тийм, ийм асуудал гэж ерөөсөө хэлээгүй байгаа учраас юу хийсэн эсэх нь тодорхойгүй байна гэсэн үг. Эрүүгийн хуулийн 12.1, 22.4 гэх мэт зүйл ангийн тухайд би мэдэхгүй. Авлига, албан тушаалын хэрэг огт тогтоогдохгүй байна, хууль зөрчсөн зүйл алга гээд өмнө нь хэрэгсэхгүй болсон. 

Мөн тэрээр КОП17 хурлын талаар "жилийн өмнөөс гарсан мэдээллийн дагуу өнөөдрийн КОП-ын хуралд 190 гаруй орны төлөөлөл ирсэн байна. Гурван өөр төрлийн хурал болдог. Монгол Улс дэлхийн эдийн засаг, ялангуяа дижитал эдийн засгийн нэг хэсэг болж хувирах ёстой. Үүний тулд дэлхийн дижитал болон ногоон дэд бүтцийн санаачилгыг Монгол Улсын Засгийн газар гаргаж, бидний зүгээс болон НҮБ, олон улсын байгууллагуудын зүгээс Монголыг энэ дэд бүтцийн хэсэг болгох ёстой. Ингэж чадвал Монголын эдийн засаг тэлэх бүрэн боломжтой" гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.