Дулааны тавдугаар цахилгаан станцын үндсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн явц 30 орчим хувьтай үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн хүрээнд станцын үндсэн барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна.
Нийслэлийн Замын хөгжлийн газартай зөвшилцөн үнс тээвэрлэх замын трассыг баталж, төслийн талбайд хуримтлагдсан үнсийг зөөвөрлөх ажлыг 4 дүгээр сарын 22-ноос эхлүүлсэн ба авто замын хөдөлгөөний ачааллыг харгалзан үнс тээвэрлэлтийг 20:00-08:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Барилгын талбайд бетон зуурмагийн узель байгуулж, авто жин буюу пүү байршуулсан бөгөөд ажилчдын түр сууц барих ажлын хүрээнд төслийн талбайн зүүн хойд хэсэгт чөлөөлсөн талбайд барилга угсралтын ажил үргэлжилж байна.
Станцын зуухны суурийн ажил эхэлж, нэг, хоёр дугаар зуухны суурийн арматур зангидах, хэв хашмал барих, бетон цутгах ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна. Мөн барилга угсралтын үед ашиглах цамхагт краны суурийн ажил эхэлжээ.
ДЦС-5 төслийн үндсэн тоног төхөөрөмжийн захиалгууд хийгдсэн, нийт үйлдвэрлэлийн явц 30 орчим хувьтай үргэлжилж байна. Станцад ашиглах турбин, генератор, трансформатор зэрэг үндсэн тоног төхөөрөмжийг Монгол орны эрс тэс уур амьсгалын нөхцөлд найдвартай ажиллах, нүүрсний тоосжилт болон хотын хэрэглээний онцлогт нийцүүлэхээр сонгож байгаа нь станцын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах чухал нөхцөл болох юм.
ДЦС-5 нь ашиглалтад орсон эхний үеэсээ орчин үеийн, дэвшилтэт технологид суурилсан тоног төхөөрөмж ашиглах бөгөөд ингэснээр засвар үйлчилгээний хэрэгцээ, зардлыг харьцангуй бага байлгах боломжтой. Мөн тоног төхөөрөмжийн ажиллагааг автоматжуулалтын системээр хянах тул хүний оролцоог багасгаж, ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.