КОП17 хурлын үеэр хувийн автомашины хэрэглээг бууруулна

КОП17 хурлын үеэр хувийн автомашины хэрэглээг бууруулна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) буюу НҮБ-ын конвенцод нэгдэн орсон улс орнуудын төлөөлөгчид цугларч, конвенцын хэрэгжилтийг дүгнэж, цаашдын бодлого, хамтын ажиллагаа, шийдвэрээ хэлэлцэн баталдаг дээд түвшний уулзалт наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байна.

Гадны олон зочид төлөөлөгчид манай улсад зочлох болоод хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой хувийн автомашины хэрэглээг бууруулах зорилгоор улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 

Урьдчилсан тооцоогоор энэ арга хэмжээ нь хувийн автомашины хэрэглээг 28–40 хувиар бууруулах боломжтой гэж үзсэн байна. 

Мөн 150 уулзварт ухаалаг камерын систем суурилуулж, хөдөлгөөнд хяналт тавихаар төлөвлөжээ. Зохицуулалт хэрэгжих өдрүүдэд иргэд автомашинаар зорчих боломжтой эсэхээ урьдчилан шалгаж, албан ёсны мэдээллийг дагах шаардлагатай.

Үүний зэрэгцээ нийтийн тээврийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх, богино эргэлтийн автобус ажиллуулах, зорчигчдод төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.