🔴2028 оны нэгдүгээр улиралд багтаан Газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулна
Дорнод аймгийн Матад суманд газрын тос олборлож буй үйл ажиллагаа нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Бүхий л үйл ажиллагаа хууль журмын дагуу явагдаж байгааг онцолж АМГТГ-ын Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга С.Түвшинбаяр мэдээлэл хийлээ.
АМГТГ-ын Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга С.Түвшинбаяр:
-Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт (БХГ) хайгуулын 10 талбай, нүүрсний давхаргын метан хийн долоон талбай, мөн "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн Давст 31 талбай гээд нийт 11 талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулдаг.
Үүнээс Дорнод аймгийн Матад суманд байрлах "Хэрлэн тохой 28" талбайд хайгуулын ажил хийгдэж байна. Энэ талбай нь 13 мянган км² нутаг дэвсгэрийг хамардаг. Энэ нь Дорнод аймгийн долоон сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум зэрэг нийт есөн сумыг дамнасан том талбай юм.
Энд үйл ажиллагаа явуулж байгаа "Монголиа Фэйсинг Энержи" (Mongolia Facing Energy) компани нь 2024 онд Засгийн газрын 137 дугаар тогтоолоор бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхээ авч, АМГТГ-тай найман жилийн хугацаатай гэрээ байгуулан, энэ жил хоёр дахь жилдээ ажиллаж байна. Тус компанийн 2026 он хүртэлх ажлын төлөвлөгөө, төсвийг баталж өгсний дагуу хайгуулын ажил эхлэхэд орон нутгийн зарим иргэд, лайв хийж буй хүмүүс эсэргүүцэл үзүүлж байна.
Бид 2028 оны нэгдүгээр улиралд багтаан Газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулж, түүхий эдээр хангах даалгавартай ажиллаж байгаа учраас хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.
Олон улсад 16 талбайг сонгон шалгаруулалтаар зарлаад байна. Гэвч зарим хүмүүс ард иргэдэд буруу мэдээлэл өгч, турхирч байгаа нь газрын тос олборлох үйл ажиллагаанд саад учруулж байна. Бүх үйл ажиллагаа хууль журмын дагуу явагдаж байгаа.
Монгол Улсад газрын тосны ашиглалт, олборлолтын чиглэлээр гурван гэрээлэгчийн дөрвөн талбай ажиллаж байна. Үүнд:
"Петрочайна Дачин Тамсаг" компанийн Тос-19, Тамсаг-21 талбай (1993, 1995 оны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй),
"Петро Матад" (Петромото) компанийн Матад суман дахь ашиглалтын талбай (Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй ХК),
"Доншин газрын тос Монгол" компанийн Зүүнбаян, Цагаан элсний сав газрын ашиглалтын талбайнууд багтаж байна.
Монгол Улсын хэмжээнд баталгаат нөөцөөр тогтоогдсон газрын тосны хэмжээ 143 сая тонн байгаагаас 11 сая тонныг нь олборлож ашигласан. Үлдсэн нөөц нь 28.9-30 сая тонн орчим байна. Одоогоор хамгийн богино хугацаанд ашиглалтад шилжих боломжтой талбай нь "Галба-1" дүгээр талбай гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.