Багахангай-Хөшгийн хөндий-Эмээлтийг холбох 127 км төмар замын ажил үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон холбогдох албаныхан өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Багахангай–Хөшгийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 127.1 км үндсэн замын дагуу дөрвөн өртөө, гурван зөрлөг байгуулахаар төлөвлөжээ. Төслийн нэгдүгээр үе шат болох Багахангай өртөөнөөс Хөшгийн хөндий хүртэлх 87.8 км төмөр замын барилга угсралтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сарын 25-нд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус хэсгийн газар шорооны ажил, төмөр замын дээд бүтцийн угсралт, таван байршилд баригдсан гүүр болон ус өнгөрүүлэх хоолойн үндсэн ажил бүрэн дууссан байна.
Одоо төмөр замыг ашиглалтад бэлтгэх, чанар стандартын шаардлагыг хангах эцсийн шатны ажлууд үргэлжилж байна. Төслийн нийт газар шорооны ажлын хэмжээ 31.3 сая шоо метр бөгөөд эхний 87.8 км-ийн бүтээн байгуулалтыг дотоодын инженер, техникийн ажилтан, төмөр замчид голлон гүйцэтгэжээ.
Төслийн 43 дугаар километрт байрлах хэсэгт 33 метрийн гүн ухмалын ажил хийж дууссан байна. Газрын тогтоц, инженерийн нөхцөлөөс шалтгаалан тус хэсэгт нэмэлт техник, хүн хүч дайчилж, уртасгасан цагийн хуваарь болон хоёр ээлжээр ажилласнаар газар шорооны ажлыг богино хугацаанд дуусгажээ. Улмаар уг хэсгийн төмөр замын дээд бүтцийн угсралтын ажил мөн дууссан байна.
Хоёрдугаар үе шатны 110 дугаар километрт байрлах Туул голын 476 метр урт төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Тус гүүр нь төслийн хамгийн том инженерийн байгууламжуудын нэг бөгөөд нийт 20 дам нуруу угсрахаас одоогоор найман дам нурууг суурилуулжээ. Төмөр замын нийт трассын дагуу есөн байршилд нийт 1200 метр урт төмөр бетон гүүрэн байгууламж, ус болон мал амьтны гарц, 127 төмөр бетон хоолой барихаар төлөвлөсөн байна.
Хоёрдугаар үе шат болох Хөшгийн хөндийгөөс Эмээлт өртөөнд холбох хэсгийн бүтээн байгуулалтын ажил 2026 онд эхэлж, эрчимтэй үргэлжилж байна. Эмээлт, Шувуун фабрикийн орчимд нийт 28 км орчим үргэлжлэх холболтын хэсгийн газар шорооны ажил, далан, гүүр, ус зайлуулах хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажлыг дотоодын аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна. Мөн төмөр замын трасст өртсөн цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг шилжүүлэх ажил үргэлжилж байгаа аж. Ийнхүү эхний 87.8 км төмөр замыг ашиглалтад бэлтгэх ажилтай зэрэгцэн Хөшгийн хөндий–Эмээлтийн чиглэлийн холболтын ажлыг эрчимжүүлж, нийт 127.1 км төмөр замыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.