🔴АН: Засгийн газрын бүтцийг шинэчилж, сайд нарын тоог цөөлөхийг шаардаж байна

AI хөрвүүлсэн
🔴АН: Засгийн газрын бүтцийг шинэчилж, сайд нарын тоог цөөлөхийг шаардаж байна

Ардчилсан намаас уламжлал болгон зохион байгуулдаг "4:11" мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Ж.Баярмаа, Г.Очирбат болон АН-ын Нарийн бичгийн дарга Лхагвадорж нар улс орны эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн тодотгол болон үнийн өсөлттэй холбоотой цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 

-Ардчилсан намаас төсвийн тодотгол, иргэдийн нуруунд хүнд ачаа болж буй үнийн өсөлтийг шийдвэрлэх шаардлагыг Засгийн газарт тавьж байна. Засгийн газар тодорхой ажил хийхийн оронд дарга томилох ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. 2025 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газар, яам, тамгын газрын түвшинд 400 гаруй албан тушаалтныг даргаар томилжээ. Энэ нь амралтын өдрүүдийг хасаад тооцвол өдөр бүр 1-2 даргыг шинээр томилж байна гэсэн үг. Хэрэв энэ томилгоонууд үр дүнгээ өгсөн бол улс орон хөгжиж, шатахууны хомстолд орохгүй байх байлаа. Энэ нь татвар төлөгчдөд зардал нэмсэн, төсвийн дарамт учруулсан үйл ажиллагаа болж байна.

АҮЭБЯ болон Татварын албанаас И-Баримтын мэдээллийг шүүж, долоон мянган хүн дахин оочирлож бензин авсан байна гэж мэдээлсэн. НӨАТ-ын систем бол татварыг ил тод байлгах, бүртгэл хийх зориулалттай. Харин төр хувь хүний мэдээллийг шүүж, хэн хаана оочирлож байгааг хянах хэрэгсэл биш. Өнөөдөр шатахууны хэрэглээгээр шүүж байгаа бол маргааш таны юу хэрэглэж байгааг хянаж эхлэх аюултай. Үндсэн хуулийн цэцээс ч үүнтэй холбоотой шийдвэрүүдийг гаргасан байдаг гэв. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: 

-Засгийн газрын үндсэн үүрэг бол макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг тогтвортой байлгаж, инфляцыг зохистой түвшинд барих. Гэтэл өнөөдөр инфляц 13 хувь, хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 25 хувьд хүрсэн байна. Ерөнхий сайд махны үнэ өссөнд зарим дарга нарт гомдож байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл Монголчууд бид өдөр бүр дэлгүүрт орохдоо, цалингаа буух тоолондоо өнгөрсөн хугацааны эрх баригчдын алдаатай бодлогод гомдож байгаа. 

Инфляцын өсөлт нь зөвхөн гадаад хүчин зүйлээс шалтгаалаагүй, харин МАН-ын сүүлийн 10 жилийн хугацаанд төсвийг хэт тэлж, зардлыг огцом өсгөсний шууд үр дагавар. Сүүлийн өдрүүдэд үүсээд буй шатахууны хомстол нь суурь үнэд нөлөөлж, инфляцын дараагийн том давлагааг авчрах эрсдэлтэй. 

АН-ын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, 2026 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж, Засгийн газрын бүтцийг шинэчилж, сайд нарын тоог цөөлөх болоод төсвийн тодотголыг наймдугаар сард багтаан батлахыг шаардаж байна. 

Гадаад зах зээл маш таатай байна. 2026 оны эхний хагасын байдлаар гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, экспорт 11 тэрбум ам.долларт хүрлээ. Зэс, нүүрсний үнэ өндөр байхад засаг яагаад дотооддоо инфляцыг алдаж, хямралд хүргэв гэдэг нь төсвийн алдаатай бодлоготой шууд холбоотой гэв. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: 

-Өвлийн бэлтгэлээ базаах цаг болсон байхад улс төрчдийн төсвийн зарлага зуны дэлгэр цаг шигээ үрэлгэн хэвээр байна. Сүүлийн 10 жилд МАН тасралтгүй засаглаж, энэ хугацаанд бидний өдөр тутмын хэрэглээний үнэ хэрхэн өссөнийг харвал, 10 жилийн өмнө зургаан мянган төгрөг байсан махны үнэ өнөөдөр 36.6 мянган төгрөг болж, 357 хувиар өсжээ. Талхны үнэ 1100 төгрөг байснаас 2800 төгрөг болж, 161 хувиар өссөн байна. Гэтэл иргэдийн орлого ердөө гурван хүрэхгүй хувиар өссөн. Иргэд аль эрт төсвөө тодотгоод, таван талх авдаг байсан бол гурвыг авахаар бүсээ чангалчихсан сууж байна. Одоо төр ч гэсэн бүсээ чангалж, наймдугаар сард багтаан төсвийн тодотголоо оруулж ирэх хэрэгтэй гэв. 

Түүний танилцуулсан тоон мэдээллээр:

  • Энэ оны зургаадугаар сарын байдлаар улсын орлого 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн ч, зарлага нь түүнээс хоёр дахин их буюу 2.8 их наяд төгрөгөөр өссөн
  • Инфляцын түвшин энэ оны гуравдугаар сард долоон хувь байсан бол дөрвөн сарын дараа буюу долоодугаар сард 13 хувь болж өсжээ. Уг нь 2026 оны инфляцын зорилтот түвшинг долоон хувь гэж тооцсон байсан
  • Төсвийн алдагдлыг 1.5 хувь байхаар баталсан ч хагас жилийн дараа 2.1 хувьд хүрч, хоёр дахин нэмэгдсэн
  • Мөнгөний нийлүүлэлт хагас жилийн хугацаанд 30 хувиар нэмэгдэж, 50 гаруй их наяд төгрөгт хүрсэн нь төгрөгийн ханшийг унагаж, үнийн өсөлтийг хөөргөж байна.

УИХ-ын гишүүн Г.Очирбат: 

-Монголбанкнаас 2026 онд инфляцыг 5±2 хувь, 2027 онд 6 хувь болгоно гэж зорилт тавьж УИХ-аар батлуулсан ч өнөөдөр инфляц 13 хувьд хүрчихээд байна. Засгийн газраас инфляцыг барих, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олон зуун тэрбумын хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн ч ямар ч үр дүн алга.

  • "Хүнсний хувьсгал" хөтөлбөр: 2022 оноос хойш 1.3 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 2500 ААН-ийг дэмжсэн ч хүнсний инфляц 25 хувьтай хэвээр байна.
  • "Шинэ хоршоо - Чинээлэг малчин" хөтөлбөр: 2024 оноос хойш 841.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 26,759 малчин, 6,000 хоршоог хамруулсан ч өнөөдөр махны үнэ 30 мянган төгрөг давлаа.
  • "Цагаан алт" хөтөлбөр: 1.5 их наяд төгрөгийн дэмжлэг төлөвлөн ажиллаж байгаа ч бодит үр дүн харагдахгүй байна.

2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудитын тайлангаар ноцтой зөрчил илэрсэн. Засгийн газар ТӨК-иуд болон томоохон ААН-үүдээс 2026 оны эхний улиралд орох ёстой байсан 1.2 их наяд төгрөгийн татварыг урьдчилан авч, 2025 онд үрчихсэн. Одоо төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй байдалд орсон

АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11.3-т заасны дагуу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга эсвэл гишүүдийн гуравны нэгийн санаачилгаар ээлжит бус чуулганыг яаралтай зарлахыг уриалж байна. Төсвийн тодотголыг ирэх жилийн төсөвтэй хольж "бантан" болголгүйгээр, наймдугаар сард тусад нь хэлэлцэж батлах ёстой гэж үзэж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.