🔴Б.Батцэцэг: Монгол Улс зам тээврийн ослын эрсдэл өндөртэй орны тоонд орсон

🔴Б.Батцэцэг: Монгол Улс зам тээврийн ослын эрсдэл өндөртэй орны тоонд орсон
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.
 
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг: 
 
-Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл болон Монгол Улсын Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт одоогоор 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Инженерчлэлийн дэд бүтцийн магадлал, стандарт, тушаал шийдвэрүүдийг өөрчлөх шаардлага болон санхүүжилтийн удаашрал зэргээс шалтгаалан төслийн явц удаашралтай байсан. Ерөнхий сайдын зүгээс холбогдох сайд нарт 14 заалт бүхий үүрэг даалгавар өглөө. Тухайлбал: 
 
-Татвар, өр төлбөртэй холбоотой асуудлыг шийдэж, зээлийн шугамыг саадгүй нээхийг Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн дарга нарт үүрэг болгов
-Төслийг цаашид "Үйлдвэр технологийн парк" хэлбэрээр хөгжүүлэх шийдвэрийг ирэх долоо хоногийн хуралдаанаар гаргахаар төлөвлөлөө
-Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд үйлдвэрийн талбайг Дотоодын цэргийн хамгаалалтад авахаар шийдвэрлэв
-Үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх судалгаа, саналыг боловсруулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд болон Боловсролын сайд нарт даалгалаа
-Төслийн явцыг Ерөнхий сайд өөрөө сар бүр, долоо хоног бүр сонсож, тулгарч буй гацааг шуурхай шийдвэрлэж байхаар тогтсон. 
 
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний агуулахын багтаамжийг нэмэгдүүлэхээр 21 ААН-ийн 26 төсөлд нийт 365 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран олгож байна. Одоогоор 18 ААН-ийн 22 төсөл зээлээ авч, 171,490 тонны багтаамжтай агуулах барих ажил хэрэгжиж байна. Төсөл бүрэн хэрэгжсэнээр Монгол Улс 23 хоногийн шатахууны нөөцийг агуулах боломж бүрдэнэ.
 
Сүүлийн таван жилийн судалгаагаар 100 мянган хүн тутамд ногдох авто тээврийн осол болон үүний улмаас амь насаа алдсан иргэд, хүүхдүүдийн тоо тасралтгүй өсөж, Монгол Улс зам тээврийн ослын эрсдэл өндөртэй орны тоонд орсон байна. Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, салбар дундын уялдааг сайжруулах зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл-ийг шинэчлэн байгууллаа. Энэ зөвлөл нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаас гадна иргэдийг хотын соёлд сургах, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг өргөн хүрээтэй зохион байгуулахаар төлөвлөж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.