🔴 Ц.Сандаг-Очир: КОП17 хурлыг зохион байгуулахад улсын төсвөөс 250 орчим тэрбум төгрөгийн зардал гарч байна

AI хөрвүүлсэн
🔴 Ц.Сандаг-Очир: КОП17 хурлыг зохион байгуулахад улсын төсвөөс 250 орчим тэрбум төгрөгийн зардал гарч байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөж БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон шийдвэрүүдийг танилцууллаа. Цөлжилттэй тэмцэх талуудын бага хурал (COP17)-ын бэлтгэл ажил дуусаж, 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 

-Нээлт болоход 4-5 хоног үлдээд байна. Хурлын байр, талбайг дотоодын аюулгүй байдал, тагнуулын байгууллагууд хамгаалалтад авсан бөгөөд энэ сарын 15-нд НҮБ-ын харуул хамгаалалтад хүлээлгэж өгнө. Өнөөдрийн байдлаар системд 7,800 гаруй оролцогч албан ёсоор бүртгүүлсэн. Нийтдээ 8,000 орчим төлөөлөгч (үүний 1,600 гаруй нь гадаадын зочид) ирэх төлөвтэй байна.

Улсын төсвөөс 250 орчим тэрбум төгрөгийн зардал гарч байгаа. төр, хувийн хэвшлийн түншлэл болон олон улсын хандив тусламжаар 120 орчим тэрбум төгрөгийг босгосон. Эдгээр мэдээлэл яамны вэбсайт дээр нээлттэй байгаа. Төр, хувийн хэвшил, ТББ-уудаас нийт 298 төслийн санал ирснийг бэлчээр, газар, ус, дэд бүтэц гэсэн гурван чиглэлээр ангилж, хурлын үеэр танилцуулахаар хөтөлбөрт тусгасан. Европын холбооны банкнаас ногоон байгууламж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 200 сая еврогийн хөрөнгө оруулалт, зээл олгохоо амлаж, гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэсэн. Мөн Рио Тинто компани нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ амлахаар бэлтгэж байна.
 
Гадаадын зочид төлөөлөгчдийн байрлах зочид буудал, хоол унд, аялал жуулчлалын зардлаас дотоодын эдийн засагт шууд 150 орчим тэрбум төгрөгийн орлого орно гэж тооцоолж байна.
Сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар хийх чиглэл өгсөн бөгөөд есдүгээр сарын 1-нээс хичээл хэвийн хуваариар эхэлнэ. Хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор "Дүнжингарав", "Нарантуул" худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. "Дүнжингарав" зогсоолоос хурлын талбай хүртэл богино рейсийн үнэ төлбөргүй автобус, Ногоон бүсэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс гольф картууд үнэ төлбөргүй үйлчилнэ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.