Ховд аймагт сураггүй алга болсон 10 настай охиныг эрэн хайх ажиллагаа 11 дэх өдрөө үргэлжилж байна
Ховд аймгийн Буянт суманд наймдугаар сарын 1-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон 10 настай "А" охиныг эрэн хайх ажиллагаа 11 дэх өдрөө үргэлжилж байгаа ч ямар нэгэн сураг гараагүй байна. Охин алга болох үедээ цагаан цамц, хар өмд, ягаан углааштай байсан бөгөөд бор царайтай, 141 см орчим өндөртэй ажээ. Түүнийг хамгийн сүүлд Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг, аймгийн төвөөс зүүн зүгт 20 орчим километр зайд орших "Соёлын нэгдэл" 513 тоотоос явган гарч явахыг харсан байна.
Охин гэрээсээ гарахдаа хөрш айлынхаа тарвас хураалтын ажилд туслахаар явган явсан гэж ар гэрийнхэндээ хэлжээ. Тухайн хөрш айлын эхнэр, нөхөр хоёрын мэдүүлснээр, охин тэдний тээврийн хэрэгслээр ногооны талбай руу хамт явах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч хөршүүд нь түүнд халуунд ядарна хэмээн хэлж, машинаасаа буулган үлдээсэн бөгөөд үүнээс хойш хаашаа явсныг нь мэдээгүй гэж тайлбарлажээ. Онцгой байдлын газарт охины алга болсон тухай дуудлага наймдугаар сарын 2-ны өдрийн 20:40 цагт ирснээр эрэн хайх ажиллагааг шууд эхлүүлсэн байна.
Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, 48 дугаар салбар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний хэлтэс болон Буянт сумын мэгжлийн анги, ар гэрийнхэн, нутгийн иргэдээс бүрдсэн 77-оос 78 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг ажиллаж байна. Түүнчлэн эрлийн ажилд найман автомашин, гурван мотоцикл, нэг нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон, нэг эрэлч нохой болон морьдыг дайчлан ашиглаж байгаа юм. Эрлийн багийнхан наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг эрчимжүүлж, орон нутгийн залуус, сайн дурынхныг эрлийн хүрээг тэлэхэд туслахыг уриалжээ.
Цагдаагийн байгууллагаас охиныг эрэн хайх, хэргийг шалгах чиглэлээр ес болон зургаан алба хаагчийн бүрэлдэхүүнтэй хоёр тусдаа ажлын хэсэг гарган ажиллаж байна. Одоогоор охины ойр дотны хүмүүсийг гэрч, сэжигтнээр татан байцааж эхлээд байгаа ажээ. Олон нийтийн сүлжээгээр охиныг хамгийн сүүлд хамт байсан хөршүүдийг илүү нарийвчлан шалгаж, цагдан хорихыг шаардсан шүүмжлэл өрнөж байна. Мөн охины гэрт байсан нөөц хувцаснуудыг угааж цэвэрлэсэн байсан нь эрэлч нохой үнэрээр мөр хөөхөд хүндрэл учруулж байгааг албаныхан тэмдэглэжээ.
Охиныг эрэн хайх ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас охины талаар ямар нэгэн бодитой мэдээлэл, сураг авсан иргэдийг яаралтай 102 болон 94517043 дугаарын утсаар холбогдохыг хүсэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.