Оюутолгойтой холбоотой шүдний өвчнийг анагаалаа
Оюутолгойн сонсгол 2025 оны арванхоёрдугаар сард зохиогдож, “Ногдол ашиг хэзээ авах нь тодорхойгүй байгааг тодорхой болгох” гэж маш ойлгомжтойгоор дүгнэсэн байдаг билээ.
Гэрээ байгуулахдаа Монгол Улсын эрх ашигт хор хохиролтой хийсэн гэдэг дээр одоо бараг бүгд санал нэгдээд байгаа. Хор хохиролтой гэдэг нь ногдол ашиг хэзээ авах нь тодорхойгүй байдлаар илрээд байгаа. Харин Ерөнхий сайд Н.Учрал энэ бүхнийг өчигдөр шийдвэрлэчихлээ.
-Менежментийн зардлыг бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо.
-Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж, Монголын талын өгөөжийг 2.2 тэрбум ам.доллараар нэмэгдүүллээ.
-Долоон жил тутамд хэлэлцдэг байсан хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн нөхцөлийг гурван жил тутам хэлэлцдэг болох нь.
-2037 он хүртэл авахгүй гэж байсан ногдол ашгийг 2026 оноос авах нөхцөл бүрдэв.
-Монголын Засгийн газар Хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд нийт 8.4 тэрбум ам.доллар буюу 30 их наяд төгрөгийн зардал буурч, Монголын талын өгөөж 13 их наяд төгрөгөөр өсөхөөр болов...
Сонсголыг удирдан явуулсан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн шийдвэрлэх ёстой асуудлуудын талаар өнгөрсөн хагас жилийн хугацаанд амаа хаттал ярилаа. Нэлээдгүй доромжлол амсах шиг боллоо. ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Солонго бас энэ талаар Баабар тэргүүтэй хүмүүстэй үзэлцээд байгаа харагдсан. Манайхан ч тэгээд хэлэх үггүй болохоороо хүнийг гадаад байдлаар нь доромжлоод эхэлдэг дээ. Ийм доромжлол бишгүй амссан ч Б.Солонго үнэнийг хэлсээр байлаа.
Муу нэртэй иргэний хөдөлгөөнүүд хүртэл Оюутолгойн баяжмалын зам хааж тэмцлээ.
Товчдоо, сонсгол ч, О.Батнайрамдал ч, Б.Солонго ч, иргэний хөдөлгөөнүүд нийлээд асуудлыг нийгмийн төв цэгт аваачиж чадлаа. Н.Учрал залуу хүний хувьд нийгмийн энэхүү хурц асуудлыг олж харан, эр зориг гарган ажиллаж, 2009 оны гэрээний алдааг засчихлаа. Өгөөжийг нэмэгдүүлж, ногдол ашгаа хэзээ авах нь тодорхойгүй байсныг тодорхой болгочихлоо.
О.Батнайрамдал гишүүн ч “Монгол Улс өгөөжийнхөө 53 хувийг авна гэдэг хөрөнгө оруулагчийн амлалтдаа хүрэхэд том алхам боллоо” хэмээн сайшаасан байна.
Одоо үндсэндээ цахилгаан станц байгуулахаас бусдаар Оюутолгойтой холбоотой шийдвэрлэх тулгамдсан асуудал үгүй боллоо.
Бид Оюутолгойгоос энэ жилээс ногдол ашиг авахаар боллоо. Энэ л хамгийн чухал, хамгийн сайхан мэдээ боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.