Математикч эрдэмтдийн бүтээлийг Төрийн шагналд дэвшүүлжээ
ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн хамтарсан бүтээлийг Төрийн шагналд нэр дэвшүүлсэн байна.
Дэлгэрэнгүй өгүүлбэл, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, математикийн шинжлэх ухааны доктор, профессор Т.Жанлав, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, ОХУ-ын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн орлогч захирал, академич, математикийн шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, МУБИС-ийн профессор, математикийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, ШУТИС-ийн профессор, математикийн ухааны доктор, В.Өлзийбаяр нарын “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт бүтээлийг Монгол Улсын Төрийн шагналд дэвшүүлжээ.
Матемитикч эрдэмтдийн эл бүтээл нь дэлхийн шилдэг хэвлэлийн газар болох “Springer nature”-т хэвлэгдэж, “Elsevier scopus” индекс хийсэн аж. Монгол хүн, манай математикчдын оюуны чадамжийг дэлхийд үнэлүүлж, математикийн шинжлэх ухаанд шинэ онол, аргуудыг зохиосон маш чухал бүтээл гэдгийг олон улс хүлээн зөвшөөрсөн юм байна. “New Developments of Newton-Type Itera-tions for Solving Nonlinear Problems”, “High-order finite difference and finite-element methods for solving some partial differential equa-tions” бүтээл нь олон улсын шилдэг эрдэм шинжилгээний байгууллага болон их сургуулиудын 170 гаруй номын санд байршиж эрдэмтэн, судлаачдын хүртээл болсон нь монгол хүний оюуны хүч чадал дэлхийн түвшинд үнэлэгдэж буйг харуулж байна.
Эдгээр бүтээл нь байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, нийгэм эдийн засаг, хиймэл оюун ухаан, эрүүл мэнд зэрэг их өгөгдөлд суурилсан бүх салбарт хэрэглэх боломжтойг тодорхой жишээгээр туршиж баталгаажуулсан аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.