🔴 Н.Номтойбаяр: Гурван настай охины аврах ажиллагааг зуун хувь гар аргаар хийж байна
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Казахстан улсын Астана хотноо албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдлын улмаас яаралтай эх орон руугаа буцах гэж байгаагаа мэдээллээ.
Тэрбээр,
-Миний бие тавдугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод зохион байгуулагдаж буй Евро Азийн эдийн засгийн форумд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна. Энэхүү айлчлалын хүрээнд хөдөө аж ахуйн салбар болон Евро Азийн бүс нутаг дахь зах зээлтэй холбогдох тээвэр ложистикийн асуудлаар албаны хүмүүстэй уулзаж, санал солилцож байлаа. Гэвч энд ажиллах хугацаанд эх оронд маань нэгэн харамсалтай үйл явдал болсон тухай мэдээг хүлээн авлаа.
Төв аймгийн Заамар суманд хуучин уул уурхайн өрөмдлөгийн цооногт гурван настай хүүхэд унасан бөгөөд аврах ажиллагааг Онцгой байдлын ерөнхий газрын Уул уурхайн аврах тусгай анги мэргэжлийн удирдамжийн дагуу тасралтгүй явуулж байна. Аврагчид цооногтой зэрэгцүүлэн 31 метр гүн ухаж, цааш хөндлөн чиглэлд 12 метр малтлага хийж байгаа юм. Хөрс хайргатай, сул бүтэцтэй байгаа тул доргилт үүсгэж болохгүй бөгөөд хүүхдийг аврахын тулд нэг метрийн өндөр, 80 сантиметрийн өргөнтэй хөндлөн малтлагыг зөвхөн гар аргаар гүйцэтгэж байна. Маркшейдерын тооцооллоор зорилтот цэгтээ хүрэхэд тун ойртсон. Доргилт үүсгэвэл хөрс нурж, аврах ангийн алба хаагчдын амь нас эрсдэлд орох аюултай хүнд нөхцөлд ажиллаж байна.
Ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
Хэдийгээр миний бие гадаад улсад томилолттой байгаа ч Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд энэхүү асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Бид газар дээр нь ажиллаж буй мэргэжлийн баг бүрэлдэхүүнд хөндлөнгөөс заавар зөвлөгөө өгч саад учруулахгүйгээр, тэдний удирдлага, арга зүйн дор нөхцөл байдлыг цаг алдалгүй хянаж байгааг энэ асуудалд санаа зовниж буй нийт ард иргэддээ дуулгах нь зүйтэй болов уу.
Уг нь хуваарь ёсоор өнөөдөр болон маргааш энд ажиллаж, холбогдох гэрээ хэлцлүүдийг хийх төлөвлөгөөтэй байсан. Гэвч эх оронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хүлээн авагч талын ажлын цаг эхэлмэгц нөхцөл байдлыг тайлбарлаж, хөтөлбөртөө өөрчлөлт оруулан нэн даруй эх орон руугаа буцах шийдвэр гаргаснаа үүгээр мэдэгдэж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.