Үеэл эгч: Охины зүрхний цохилт байхгүй болсныг өчигдөр өглөө эмч нар албан ёсоор хэлсэн
Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна.
Өнөөдөр өглөө тус сумын Хайлааст багийн их эмч О.Баасанбалжир мэдээлэл өгөхдөө "Хүүхэд ямар ч байдалтай гарч ирсэн бид түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлнэ. Хүүхдэд одоогоор амьдын шинж тэмдэг илрэхгүй байна. Гэхдээ энэ нь эндсэн гэсэн үг биш" хэмээн мэдэгдсэн.
Газар дээр нь ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагад охины үеэл эгч мэдээлэл өгчээ. Тэрбээр, аврах ажиллагаа зогсолтгүй явагдаж байгааг онцлоод, өчигдөр өглөө онцгой байдлын эмч хүүхдийн зүрхний цохилт зогссон болохыг ар гэрийнхэнд нь албан ёсоор мэдэгдсэн гэдгийг хэллээ.
Олон нийтийн сүлжээгээр хүүхдийг амьд байгаа мэтээр ташаа мэдээлэл тархаж байгаа ч ар гэрийнхэн нь бодит байдлыг хүлээн зөвшөөрч, охиноо гаргаж авахыг хүлээж байгаа аж. Мөн эцэг, эх нь өөрсдийгөө хангалттай буруутгаж, сэтгэл зүйн хувьд маш хүнд байдалд байгаа тул цахим орчинд тэднийг нэмж буруутгахгүй байхыг олон нийтээс хүслээ.
Аврах ажиллагааны явцад багаж хэрэгсэл дутмаг байгааг тэрээр шүүмжиллээ. Онцгой байдлын алба хаагчид өөрсдөөс шалтгаалах бүхнээ хийж байгаа ч төр засгаас зориулалтын камер, техник хэрэгслээр хангаагүйгээс үүдэн гар нүцгэн шахам ажиллаж байгааг дурдав. Охины ээж гар утасныхаа камерыг асаан доош буулгаж харахад охин нуруугаараа хумигдаж орсон, хөл нь доошоо харсан, зөвхөн цүнх нь харагдах байдалтай байсан бөгөөд үүнийг харсан эх нь маш хүнд цохилтод оржээ.
Одоогоор газар дээр ажиллаж байгаа 40 гаруй техник хэрэгсэл болон хүн хүчийг тухайн орон нутгийн уурхайгаас гаргаж байгаа аж. Мөн туршлагатай, гар аргаар алт олборлогчид ирж туслахыг санал болгосон ч онцгой байдлын албанаас аюулгүй байдлын стандарт, дахин хүн эрсдэх аюултай гэж үзэн зөвшөөрөөгүй байна. Ар гэрийнхэн ч үүнийг зөвөөр ойлгож хүлээн авчээ.
Үеэл эгчийн зүгээс онцгой байдлын алба хаагчдад талархаж байгаагаа илэрхийлээд, өмнө нь ар гэрийнхний зүгээс сандарч бухимдсандаа аврагчдыг гомдоох үг хэлсэндээ хүлцэл өчлөө. Гэвч Монгол Улсад өндөр барилгад гал гарахад болон газрын гүнд хүн унахад аврах зориулалтын багаж хэрэгсэл байхгүй байгаа нь төр засгийн буруу гэдгийг хатуу мэдэгдэв.
Түүнчлэн тухайн орчимд хүн унаж бэртэх, амь насаа алдах эрсдэлтэй ил задгай нүх маш олон байгааг анхаарууллаа. Энэхүү нүхийг уул уурхайн олборлолтын биш, хайгуулын компани ухаж орхисон бөгөөд хариуцлагагүй хандсан тухайн байгууллагыг олж тогтоон, хариуцлага тооцох ёстойг шаардлаа.
Одоогоор аврагчид охины цогцсыг гэмтээхгүйгээр бүтнээр нь гаргаж авахын тулд доороос нь ухах ажиллагааг үргэлжлүүлж байна. Гэсэн хэдий ч шөнийн турш ажиллаад ердөө 1-3 метр орчим л урагшилсан, ажиллагаа маш удаашралтай, хүнд нөхцөлд явагдаж байгааг тэрээр мэдээллээ.
Эх сурвалж: TV5 Mongolia , NTV Мэдээ , zarig.mn , Zogii.mn
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.