“Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын ойн салбар нь ойн нэмэгдсэн өртгийн сүлжээ болон мод боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар тогтвортой эдийн засгийн өсөлт, нутгийн иргэдийн амьжиргаа, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх нөөц бүхий салбар юм. 

Тус салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, банк, санхүүгийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэх боломжийг эрэлхийлэх зорилгоор “Ойн салбар ба Ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2026.05.28/ боллоо.   

 T5A8623%20copy

Хэлэлцүүлгийг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн үгэндээ “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга хэмжээ бол мод тарих, ойжуулалтын ажлыг эрчимжүүлэх юм. Банкны салбарынхан ногоон зээлийн бодлогоороо энэ ажлыг цаашид тогтвортой, бүтээмжтэй үргэлжлүүлэхэд хэрхэн дэмжих вэ гэдэгт санал бодлоо солилцож, шийдэл гаргах нь энэ удаагийн хэлэлцүүлгийн гол ач холбогдол юм. Арилжааны банкнууд олгож байгаа ногоон зээлийнхээ хэмжээг 2030 он гэхэд нийт зээлийн 10 хувьд хүргэхээр зорьж байна. Банк, санхүүгийн салбар бодлогоороо эх дэлхийд ээлтэй зөв үйлдлийг, үйлдвэрлэлийг байнга дэмждэг байх ёстой” гэв.  

 T5A8616%20copy

Банк, санхүүгийн салбар 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар 2.54 их наяд төгрөгийн ногоон зээл олгоод буй бөгөөд энэ нь нийт зээлийн багцад 5.7 хувийг эзэлж байна. Харин тогтвортой ойн менежмент, ойг хамгаалах чиглэлээр 4.7 тэрбум төгрөгийн зээл олгоод буй нь нийт ногоон зээлийн багцын 1 хувьд хүрэхгүй дүн юм.   

Ойн салбар нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чухал үүрэгтэйгээс гадна санхүүжилтийн өртөг харьцангуй бага шаарддагаараа онцлогтой хэдий ч тус салбарын аж ахуйн нэгжид чиглэсэн төрийн дэмжлэг, санхүүжилтийн тогтолцоо шаардлагатай байгааг оролцогчид дурдлаа.  

 T5A8682%20copy

Хэлэлцүүлгийг Европын Холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны “Stream+” төсөл, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулсан бөгөөд холбогдох яамд, төв банк болон арилжааны банкнууд, ойн салбарын мэргэжлийн холбоод, салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцлоо.   

 T5A8849%20copy

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.