🔴 О.Номинчимэг: Засгийн газар хоёр нүүр гаргаж байна
УИХ-ын гишүүн О.Номинчимэг Төсвийн хүрээний мэдэгдлийн гурав дахь хэлэлцүүлгийн үеэр Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөөлөл бодит байдалд нийцэхгүй, хууль зөрчих эрсдэлтэй байгааг шүүмжиллээ. Тэрбээр Засгийн газар анх өргөн барьсан тоондоо ямар ч өөрчлөлт оруулаагүйг онцлоод, татварын хуулийн өөрчлөлтөөс үүдэн гарах их наядаар хэмжигдэх нөлөөллийг төсөвт тооцоолоогүйг буруутгав.
Түүний хэлснээр, Засгийн газар тавдугаар сарын 1-нд Төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барьснаас хойш долоо хоногийн дараа НӨАТ болон Хүн амын орлогын албан татварын (ХАОАТ) хуульд өөрчлөлт оруулах төслийг оруулж ирсэн. Уг хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сар бүр ХАОАТ-ын 10 хувиас чөлөөлөх бөгөөд үүний үр дагаварт төсвийн орлого 850 тэрбум төгрөгөөр тасарч, орон нутгийн татаасыг тооцвол нийт 1.7 их наяд төгрөгийн нөлөөлөл гарах аж. Гэтэл Засгийн газар "батлагдаагүй хууль" гэдэг шалтгаанаар энэхүү асар том орон зайг төсвийн төсөөлөлдөө огт тусгаагүй байна.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур хангагдахгүй байх эрсдэлтэйг анхааруулсан. Хуулиар ДНБ-д эзлэх нэгдсэн төсвийн суурь тэнцэл хамгийн багадаа хоёр хувь байх ёстой бөгөөд одоогийн орж ирсэн төслөөр ямар ч эрсдэлийн орон зайгүйгээр шууд 2 хувьд тулгаж оруулж иржээ. Хэрэв татварын хууль батлагдаж орлого 1.7 их наядаар буурвал, хуулийн шаардлагыг хангахын тулд суурь зарлагыг дагаж бууруулах ёстойг тэрбээр сануулж, эс бөгөөс 2027 онд хэрэгжих боломжгүй, хууль зөрчсөн төсөв батлагдах гээд байгааг шүүмжиллээ.
Мөн тэрбээр Засгийн газрын гишүүд, тэр дундаа сайд Ж.Энхбаярын хариултад шүүмжлэлтэй хандаж, энгийн математик тооцоолол хийхийн оронд асуудлын голыг орхигдуулж, төөрөгдүүлж байна гэлээ. Засгийн газар батлагдаагүй гэх шалтгаанаар татварын хуулийн нөлөөллийг төсөвт тооцоогүй хэрнээ, гадаад зээлийн төслүүдийг батлагдаагүй байхад нь урьдчилан тооцож оруулж ирсэн хоёр нүүртэй үйлдэл гаргасан гэлээ.
Эцэст нь тэрбээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодыг энэхүү бодит бус, хэрэгжихгүй төсвийн төсөөллийг эргэн харж, орлого буурах нь тодорхой болсон энэ үед суурь зарлагаа хасаж, тооцооллоо үнэн зөвөөр өөрчлөхийг шаардлаа. Хэрэгжихгүй, хуурамч тооцоололтой төсөв баталж ард түмнийг хуурах шаардлагагүй гэдгийг тэрбээр мэдэгдэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.