🔴 Х.Нямбаатар: Хотын даргыг томилдог тогтолцоог өөрчилж, иргэдээс шууд сонгодог байх эрх зүйн шинэчлэл рүү явах шаардлагатай
Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг даргаар Б.Пүрэвдагвыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
НЗД асан Х.Нямбаатар энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ, намын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн Б.Пүрэвдагвыг МАН-д бэлтгэгдсэн залуу боловсон хүчин хэмээн тодотгоод, цаашид хотын даргын ажлыг хэрхэн хийж гүйцэтгэхээс нь шалтгаалж үнэлэлт дүгнэлт өгнө гэдгийг онцоллоо.
Мөн тэрбээр хотын даргыг томилдог тогтолцоог өөрчилж, иргэдээс шууд сонгодог байх эрх зүйн шинэчлэл рүү явах шаардлагатайг санууллаа. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд 2028 он гэхэд нийслэлийн Засаг даргыг оршин суугчид нь өөрсдөө сонгодог болох шилжилтийн зохицуулалтыг хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Дараагийн хотын даргад хандан эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлэхийг захилаа. Тухайлбал, Улаанбаатар хотын автомашины шатахууныг евро стандартад шилжүүлж агаарын бохирдлыг бууруулах, Туулын хурдны зам болон тойрог хурдны замын төслүүдийг үргэлжлүүлэх шаардлагатайг хэлэв. Эдгээр ажлыг хийснээр замын түгжрэлийг 50 орчим хувиар бууруулах төлөвлөгөөтэй байсныг дурдсан юм.
Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг 48 цагаар саатуулсан асуудалд хуульчийн хувьд шүүмжлэлтэй хандаж байгаагаа мэдэгдлээ. Монгол Улс Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Иргэний болон улс төрийн эрхийн фактад нэгдэн орсон, мөн Үндсэн хуулиараа хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулсан улс гэдгийг сануулав. Тиймээс кибер халдлага гэх үндэслэлээр хэвлэн нийтлэх эрхээ эдэлж буй хүмүүсийг саатуулж, шалгахдаа хуульд нийцүүлэх ёстойг хууль хяналтын байгууллагуудад анхаарууллаа.
Нөөцийн махны асуудлаар гарсан маргаан, шүүмжлэлд тайлбар өгөв. Хүнс, хөдөө аж ахуйн яамны чиглэлийн дагуу 5000 тонн мах бэлтгэж, Ерөнхий сайдын үүрэг болгосноор нэгдүгээр сарын 20-ноос худалдаанд гаргасан байна. Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор махны үнийг бага зэрэг нэмсэн бөгөөд дэлгүүрүүд болон нийлүүлэгчдийн хооронд НӨАТ-ын буцаан олголт, өр авлагын асуудал үүссэнээс өөр зөрчилгүй гэв. Мөн Хэнтий аймагт мах нийлүүлээгүй гэх мэдээллийг үгүйсгэж, татаасын мөнгийг зөвхөн и-баримтыг үндэслэн хянаж олгодог гэдгийг тодотголоо.
Нийслэлд хэрэгжиж буй мега төслүүд болон бусад асуудлаар дөрөвдүгээр сарын 22-ноос хойш Авлигатай тэмцэх газар болон бусад ажлын хэсгүүд шалгалт явуулж байгааг дурдав. Тэрбээр эдгээр шалгалтыг нэгмөр сайн хийж, олон нийтэд ил тод мэдээлэх, УИХ дээр Нийслэлийн төсвийн сонсгол явуулахыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хууль хяналтын байгууллагын эцсийн дүгнэлт гарсны дараа хэн нь зөв, буруутай эсэх нь тодорхой болно гэв.
Төгсгөлд нь, автомашинд RFID уншигч суурилуулах ажил нь нийслэлийн биш, харин гурван жилийн өмнөх Зам, тээврийн яамны бүтэлгүйтсэн төсөл байсан гэдгийг тайлбарлав. Мөн, Туулын хурдны замын төслийн шалгалт удааширч байгааг сануулаад, гэрээнд зааснаар 84 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэхгүй бол гаднын гүйцэтгэгч тал олон улсын арбитрын шүүхэд хандах эрсдэлтэй байгааг анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.