🔴 Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүллээ

AI хөрвүүлсэн

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа дөрвөн үндсэн асуудал хэлэлцэж, тодорхой шийдвэрүүд гаргаснаа мэдээллээ. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл, Үндсэн хуулийн цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа болон цэргийн алба хаагчийн амь нас эрсэдсэн зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Зэвсэгт хүчний анги, байгууллагад хугацаат цэргийн алба хаагчид амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох асуудал тасралтгүй гарч байгааг бүлгийн гишүүд онцлов. Сүүлийн 10 жилийн хугацаанд 46 цэргийн алба хаагч амь эрсдэж, 144 хүн эрүүл мэндээрээ ноцтой хохирсон байхад салбарын сайдын түвшинд нэг ч удаа хариуцлага хүлээж байгаагүйг шүүмжиллээ. Иймд Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулж, улс төрийн хариуцлага тооцох шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Цэргийн байгууллага дахь хүний эрхийн зөрчил, дүрмийн бус харьцааг таслан зогсоох зорилгоор УИХ-ын нэр бүхий гишүүд Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барихаар болсон байна.

Одоогийн хуулиар цэргийн ангиуд тусгай нууц объектод хамаардаг тул эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагаа хэрэгжих боломжгүй байдаг бөгөөд шинэ хуулийн төслөөр энэхүү хязгаарлалтыг нээж, хүний амь нас, эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх аж

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил болсон байхад үүрэгт ажлаа гүйцэтгэж, шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн хувьд эргэлзээтэй бөгөөд ноцтой асуудал гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна. Мөн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираан томилох асуудлаар Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болох гэж байгааг улс төрийн тохиролцоо бүхий үйл явц байж болзошгүй хэмээн хардаж байгаагаа илэрхийллээ. Тиймээс Цэцийн гишүүдийн нөхөн томилгоог яаралтай хийж, хуулийн дагуу бүрэн бүрэлдэхүүнтэй болгох шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогт болон Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагч гишүүд нь эргүүлэн татахаар болсон байна. Харин Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийн төслийг Ардчилсан намын бүлэг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. Нэмэгдсэн өртгийн албан татварыг зарим аж ахуйн нэгжид ялгавартай тогтоох нь татварын шударга, тэгш байх суурь зарчмыг эвдэнэ гэж үзэж байгаа бөгөөд үүний оронд НӨАТ-ын хэмжээг шатлалгүйгээр жигд 5 хувь болгон бууруулах хувилбарыг санал болгож байгаагаа мэдэгдлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.