Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг улирч, дахин зургаан жил ажиллах боломжийг ҮХЦ олгож магадгүй

Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг улирч, дахин зургаан жил ажиллах боломжийг ҮХЦ олгож магадгүй

Өдгөө Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзориг ажилладаг. Түүнийг зургаан жилийн өмнө /2020.06.02/ тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган томилж байжээ. 

Шүүхийн тухай хуулиар Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа ирэх зургаадугаар сарын 02-ны өдөр дуусах юм. 

Гэтэл түүний бүрэн эрхийн хугацаа дуусахтай зэрэгцэн нэгэн хуулийн зөрчлийг хянан хэлэлцэх хурлыг ҮХЦ товложээ. Тодруулбал ҮХЦ их суудлын хуралдаанаараа "Монгол Улсын Их Хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “... зөвхөн нэг удаа ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэхээр Их суудлын хуралдааныг энэ сарын 27-ны /2026.05.27/ өдөр хийхээр товложээ.

Энэ талаар Үндсэн хуулийн цэц тавдугаар сарын 19-ны өдөр албан ёсоор мэдээлсэн байгааг ЭНД ДАРЖ уншина уу. 

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас ердөө долоохон хоногийн өмнө Үндсэн хуулийн цэц дээрх асуудлыг хэлэлцэх гэж байгаа нь магадгүй Д.Ганзоригийг дахин "улирах" боломжийг Үндсэн хуулийн цэц олгох нь гэх хардлагыг төрүүлж буй

Учир нь ҮХЦ их суудлын хуралдаанаараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилно гэсэн нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзвэл Д.Ганзориг нь улиран томилогдох боломжтой болно. 

Өнгөрсөн хугацаанд улс төрийн агуулга бүхий томоохон хэргүүдэд ҮХЦ-ийн нөлөөлөл их бага хэмжээгээр орж байна гэж олон нийт хардаж буй. "Хонгил"-ын гэх хэргүүдэд нөлөөлж буй дээрх шийдвэрүүдийг гаргахад гардан оролцож буй гол хүн нь Ерөнхий шүүгч гэх хардлага хуульч, өмгөөлөгч нарын дунд хэдийнэ гараад байгаа аж. Ийм хүнийг дахин улираан сонгох нь одоо эрх барьж буй улс төрчдөд нэн хэрэгтэй учраас Шүүхийн тухай хуулийг "Хууль зөрчсөн" байна гэж үзэн улираан томилох ажиллагаа хэдийнэ эхэлсэн бололтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.