🔴Н.Энхбат: Дархан-Уул аймгийн Засаг дарга тэтгэврийн насанд хүрсэн хүнтэй ажиллахгүй гэсэн
Соёл урлагийн менежер, Удирдахын ухааны магистр, УГЗ Н.Энхбат Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн үзэж, АТГ-т хандаж буйгаа мэдэгдэж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Иргэн Н.Энхбат:
- Би Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын нээлттэй сонгон шалгаруулалтад орж, хамгийн өндөр буюу 75 оноо авч тэнцсэн хэдий ч өнөөдрийг хүртэл хууль ёсны дагуу албан тушаалдаа томилогдож чадаагүй.
Өнгөрөгч долоодугаар сарын 7-нд болсон шалгалтын үр дүнг үндэслэн наймдугаар сарын дундуур аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс түүнийг томилох тогтоол гаргаж, Засаг дарга Б.Азжаргалд танилцуулсан. Гэвч Засаг дарга "тэтгэврийн насанд хүрсэн хүнтэй ажиллахгүй" гэх шалтгаанаар томилохоос татгалзсан. Төрийн албаны тухай хуульд эрэгтэй хүний ажиллах насны дээд хязгаарыг 65 байхаар заасан байдаг. Төрийн албаны зөвлөлөөс хуулиа биелүүлж, ажилд нь томилохыг шаардсан хоёр ч албан бичиг хүргүүлсэн ч хариу өгөөгүй. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагыг 100 хувь хангаж шийдвэрлэсэн ч аймгийн удирдлагууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа.
Намайг ажилд томилохгүй байгаа шалтгааныг Залуучууд театрт гарсан санхүүгийн хууль бус үйлдлүүдтэй холбоотой гэж хардаж байгаа. Театрын даргаар 10 орчим жил ажилласан А.Болорсүх нь Засаг дарга Б.Азжаргалын найз. Тэр хүн бол хий хоосон орон тоонд цалин бичиж завшсан, согтуугаар эмэгтэй дуучны биед халдаж зодсон зэрэг нь шүүхээр тогтоогдож, Соёлын сайдын мэдэгдлийн дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэвч түүний оронд мэргэжлийн бус хүнийг түр орлон гүйцэтгэгчээр тавьсан. Театрын санхүүгийн будилаан, бохир гүйлгээнүүд илрэхээс болгоомжилж, шинэ даргыг томилох ажилд зориудаар саад учруулж байна гэж үзэж байгаа.
Энэ хууль бус үйлдэл, хүнд суртал, ялгаварлан гадуурхалтын эсрэг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн нарт төрийн албыг улстөржүүлж, хууль дүрмийг уландаа гишгэдэг, дураараа авирладаг орон нутгийн дарга нарт хариуцлага тооцож, төрийн албыг цэвэрлэх, шударга ёсыг тогтооход анхаарлаа хандуулахыг төр засгийн удирдлагуудаас хүсэж байна. Миний гаргасан өргөдлийн дагуу хууль хяналтын байгууллагаас Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт шалгалт хийж, өндөр дүнтэй зөрчлүүд илэрсэн. Удахгүй олон нийтэд ил болно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.