Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авав
Нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нарын 4 гишүүн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж эхэлсэн ч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тав хоногийн завсарлага авлаа.
Хууль санаачлагч илтгэхдээ, 1993 оны ээлжит сонгуулиас хойш нийт найман удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц буурсаар ирсэн, Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны “Сонгогчийн зан төлөвийн судалгаа"-нд оролцогчид сонгуульд оролцоогүй шалтгаанаа газар зүйн байршлаас хамааралтай холбож хариулсан зэрэг нь энэхүү хуулийн төслийг санаачлах үндэслэл болсон хэмээв.
Тиймээс 250 орчим мянган сонгуулийн насны иргэнд эрхээ эдлэх боломжоор хангах эрх зүйн орчин бүрдүүлэх, урьдчилан санал өгөх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд хоёр өдрийн дотор санал өгдөг байсныг таван өдөр болгох зохицуулалтыг тусгажээ. Уг асуудлаар Ардчилсан намын бүлэг завсарлага авах хүсэлт гаргаснаар хуралдаан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн асуудлыг шийдвэрлэсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.