2009 оны онгоцны сүйрэлд Air France болон Airbus компаниуд буруутай нь тогтоогдов
Парисын давж заалдах шатны шүүхээс 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр "Air France" болон "Airbus" компаниудыг 2009 онд сүйрсэн "AF447" нислэгийн хэрэгт буруутай гэж үзэж, хүний амь нас болгоомжгүйгээр хохироосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх түүхэн шийдвэр гаргалаа.
Уг шийдвэр нь дээрх хоёр компанийг цагаатгасан 2023 оны анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ослын бүрэн хариуцлагыг тэдэнд үүрүүлсэн байна.
Эмгэнэлт осол 2009 оны 6 дугаар сарын 1-нд гарсан бөгөөд Рио-де-Жанейро хотоос Парис руу чиглэн нисэж явсан "Airbus A330" онгоц Атлантын далайн дээгүүр хүчтэй шуурганд өртсөн юм. Онгоцны хурд хэмжигч мэдрэгч хөлдсөний улмаас автомат жолоодлогын систем унтарч, хянах самбарт зөрүүтэй мэдээлэл гарч эхэлсэн байдаг. Үүний улмаас нисгэгчид төөрөгдөлд орж, онгоц өндөрт хурдаа алдан унаснаар 33 үндэстний 228 зорчигч болон багийн гишүүд бүгд амь үрэгдсэн билээ.
Шүүх бүрэлдэхүүн ослын шалтгааныг нарийвчлан судалсны эцэст нисэх онгоц үйлдвэрлэгч "Airbus" компанийг хурд хэмжигчтэй холбоотой асуудлын ноцтой байдлыг дутуу үнэлж, эрсдэлийн талаар агаарын тээврийн компаниуд болон нисгэгчдэд зохих ёсоор мэдээлээгүй гэж буруутгав. Харин "Air France" компанийг өндөрт хөлдөлт үүсэх, хурдны заалт алдагдах зэрэг онцгой байдлын үед хэрхэн ажиллах талаар нисгэгчдээ хангалттай сургалтаар хангаагүй гэж үзсэн байна.
Францын хууль тогтоомжийн дагуу байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэн хүний амь нас хохирсон тохиолдолд оноох хамгийн дээд хэмжээний торгууль болох тус бүр 225,000 евро буюу ойролцоогоор 261,000 ам.доллар төлөх шийдвэрийг хоёр компанид оноожээ.
Хохирогчдын ар гэрийнхэн 17 жилийн турш үргэлжилсэн хуулийн урт тэмцлийн эцэст гарсан шийдвэрийг талархан хүлээж авлаа. Хэдийгээр торгуулийн хэмжээ нь эдгээр үндэстэн дамнасан томоохон корпорациудын орлоготой харьцуулахад бэлгэдлийн төдий боловч компаниудын хайхрамжгүй байдлыг хуулийн дагуу албан ёсоор хүлээн зөвшөөрсөн явдал нь чухал ач холбогдолтой юм. "AF447" нислэгийн хохирогчдын холбооны ерөнхийлөгч Даниэль Лами шүүхийн танхимын гадаа "Шударга ёс бүрэн утгаараа тогтлоо" хэмээн мэдэгдэж, ослын хариуцлагыг зөвхөн амь үрэгдсэн нисгэгчдэд тохох бус, салбарын тэргүүлэгч компаниуд үүрэх ёстойг онцолсон байна.
Шүүхийн шийдвэр нь олон улсын нисэхийн салбарт аюулгүй байдлын стандарт, сургалтын тогтолцоог сайжруулахад хүчтэй түлхэц болох төлөвтэй байна. Гэсэн хэдий ч хуулийн маргаан үүгээр эцэслэгдэхгүй бөгөөд "Airbus" компани Францын хамгийн дээд шүүх болох Хяналтын шатны шүүхэд (Court of Cassation) давж заалдахаа нэн даруй мэдэгдлээ.
Эцсийн шатны шүүх нь ослын бодит баримтыг бус, харин хуулийн хэрэглээг хянан хэлэлцэх тул шүүхийн процесс дахин хэдэн жилээр сунжирч болзошгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.