Тав болон гурван настай хоёр хүүгээ хөдөө хээр орхисон төрсөн эх болон хойд эцгийг нь баривчилжээ
Португал улсын Алкасер-ду-Сал хотын ойролцоох хөдөөгийн замд уйлж явсан тав болон гурван настай хоёр франц хүүг олж аварсан байна.
Хүүхдүүдээ ойд төөрүүлж орхисон хэргээр тэдний төрсөн эх болон хойд эцгийг Португалийн цагдаагийн байгууллагаас баривчилжээ.
Бартелеми болон Захари хэмээх хоёр хүүг даваа гаргийн орой хажуугаар нь өнгөрч явсан жолооч олж, холбогдох байгууллагад мэдэгдсэн байна. Олдох үедээ хүүхдүүд хоол хүнс, ус бүхий үүргэвчтэй байсан ч бичиг баримтгүй байжээ.
Хамгийн ноцтой нь, хүүхдүүдэд "тоглоом тоглож байна" хэмээн итгүүлж, нүдийг нь боож ойд орхисон бөгөөд хөвгүүд тусламж эрэн зам руу гүйж гарч ирсэн болохыг эх сурвалжууд мэдээлжээ.
Уг хэргийн сэжигтнээр хөвгүүдийн эх, 41 настай Марин Руссо болон түүний хамтран амьдрагч, 56 настай Марк Баллабрига нарыг татсан байна.
Үйл явдал Францын зүүн хэсэгт орших Кольмар хотоос эхлэлтэй бөгөөд хүүхдүүдийн төрсөн эцэг тавдугаар сарын 11-нд цагдаагийн байгууллагад хүүхдүүдээ хулгайлуулсан талаар гомдол гаргаж байжээ. Сэжигтнүүд гэрээсээ зугтахдаа 16 настай том хүүгээ үлдээгээд явсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.
Францын эрх баригчдын өгсөн гэрэл зургийн тусламжтайгаар Португалийн цагдаа нар сэжигтнүүдийн мөрийг мөшгөж эхэлжээ. Марин Руссо хойд Португалийн Миранда-ду-Дору хотод банкны карт ашигласнаар тэдний байршил тодорхой болсон байна. Улмаар хууль сахиулагчид тэднийг Фатима хотын нэгэн кафены гадаа Франц улсын дугаартай автомашинтайгаа байхад нь олж баривчилжээ. Сэжигтнүүд баривчлагдах үедээ чимээгүй байж, ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд одоогоор гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдээ аюултай нөхцөлд орхисон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Одоогоор хөвгүүдийг орон нутгийн эмнэлэгт хүргэж, нарийн үзлэг шинжилгээнд хамруулсан бөгөөд биеийн байдал нь хэвийн, эрүүл саруул байгааг эмч нар баталжээ. Олон улсын хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд хүүхдүүдийг ойрын өдрүүдэд Франц улс руу буцааж, гэр бүлийнхэнтэй нь эсэн мэнд уулзуулахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж:
• scmp.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.