Фэйсбүүк дэх зургаас болж хоригдсон цагдаагийн ажилтан асанд $835.000 нөхөн олговор олгожээ
АНУ-ын Теннесси мужийн эрх баригчид фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн зургаас болж хууль бусаар хоригдсон цагдаагийн ажилтан асан Ларри Бушартад 835 мянган ам.долларын нөхөн олговор олгохоор болжээ.
Хууль сахиулах байгууллагад 34 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан 61 настай тэрээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхээ зөрчигдсөн хэмээн холбооны шүүхэд гомдол гаргасны үр дүнд талууд ийнхүү эвлэрлийн гэрээнд хүрсэн байна.
Энэхүү хэрэг нь 2025 оны есдүгээр сард консерватив үзэлтэн Чарли Кирк бусдын гарт амиа алдсаны дараа эхэлсэн юм.
Ларри Бушарт өөрийн цахим хуудсандаа Доналд Трампын "Бид үүнийг даван туулах ёстой" гэсэн бичигтэй зургийг "Өнөөдөр энэ үг их тохиромжтой санагдлаа" гэсэн тайлбартайгаар нийтэлжээ. Угтаа Трамп энэ үгийг 2024 онд Айова мужийн Перри ахлах сургуульд гарсан халдлагын дараа хэлж байсан ч Теннесси мужийн Перри гүнлэгийн шериф Ник Виймс үүнийг орон нутгийнхаа сургуульд заналхийлсэн үйлдэл гэж буруугаар тайлбарласан байна.
Цагдаагийн байгууллагаас тухайн нийтлэлээ устгахыг шаардсан ч тэрээр татгалзсан тул түүнийг баривчилж, батлан даалтад гарах мөнгийг хоёр сая ам.доллароор тогтоожээ.
Бушарт нийт 37 хоногийг торны цаана өнгөрүүлсэн бөгөөд энэ хугацаанд эмнэлгийн тээврийн жолоочийн ажлаа алдаж, хуримын ой болон ач охиноо мэндлэх мөчийг ч үзэж чадаагүй байна. Харин 2025 оны аравдугаар сард олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл өрнөсний дараа эрх баригчид сургуульд олон нийтийг хамарсан хүчирхийлэл үйлдэхээр заналхийлсэн гэх хүндрүүлэх зүйлчлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Үүний дараа тэрээр "Хувь хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх сан" (FIRE)-гийн хуульчдаар төлөөлүүлэн АНУ-ын Үндсэн хуулийн нэг болон дөрөвдүгээр нэмэлт өөрчлөлтөөр баталгаажсан эрхээ зөрчигдсөн хэмээн иргэний эрхийн шүүхэд хандсан юм. Мемфис хотын холбооны шүүхэд болох байсан шүүх хурлаас өмнө буюу 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр Перри гүнлэг болон даатгалын компаниуд хамтран дээрх мөнгийг төлөхөөр тохиролцсоноор хэрэг албан ёсоор хаагджээ.
Энэхүү тохиролцоо нь цахим орчинд улс төрийн өнгө аястай хошигнол нийтэлсний төлөө эрүүгийн хэрэг үүсгэж, удаан хугацаагаар хорьсон үйлдэлд төлсөн хамгийн өндөр дүнтэй нөхөн олговрын нэг болж байна. Хэдийгээр орон нутгийн шериф сурагчдын аюулгүй байдлыг хангах нь түүний үндсэн үүрэг байсан гэж мэдэгдсэн ч хуульчид энэ хэргийг улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх нь хуулиар хамгаалагдсан байдгийг хууль сахиулагчдад сануулсан чухал үйл явдал боллоо хэмээн онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.