🔴О.Алтангэрэл: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хуулийг хэлэлцээгүй 365 хонолоо
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснээс хойш нэг жил өнгөрч байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
-Энэ хуулийн төслийг 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр өргөн барьсан. Өнөөдрийг хүртэл УИХ-аар хэлэлцэхгүй, зориудаар гацааж байна.
Хуулийн төсөл 2025 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын 19-д багтсан ч албан тушаалын томилгоо, улс төрийн маргааны улмаас хэлэлцэгдээгүй байна. Харин 2026 оны хаврын чуулганы хэлэлцэх асуудлын есөд орсон ч чуулган эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрөхөд мөн л хэлэлцсэнгүй. Бусад хуулийн төслүүд өргөн баригдсан даруйдаа хэлэлцэгдэж байхад бүтэн жилийн өмнө өргөн барьсан хуулийг ялгаварлан гадуурхаж, хойшлуулж байна. 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх албан шаардлага хүргүүлсэн.
Энэ хууль батлагдвал "төрийн махны машин" ажиллаж, хүн хэлмэгдүүлнэ гэж гишүүд болгоомжилж байгаа. Энэ хуульд хүнийг шоронд хорих, мөрдөн байцаах зүйл заалт байхгүй. Зөвхөн 2002 оноос хойшхи хууль ёсны орлогоо нотолж чадахгүй байгаа хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хураах зохицуулалттай. Өмнөх Өршөөлийн хуулиудад хамрагдсан, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан ч олны нүдэн дээр үндэслэлгүйгээр баяжсан авлигачдад энэ хууль хатуу үйлчилнэ. Бүх үйл явц шүүхийн шатанд явагдах тул хэлмэгдүүлэлт гарахгүй.
Хуулийн үйлчлэлд эхний ээлжид төрийн өндөр албан тушаал хашиж байсан 3800-5000 орчим хүн хамрагдах урьдчилсан тооцоо гарсан. Үүнд УИХ-ын гишүүн, сайд, төрийн өмчит компанийн захирал, бүх шатны Засаг дарга, шүүх, прокурорын байгууллагын удирдлагууд багтана. Мөн хуулийн төсөлд "Төлөөний хүн" гэх шинэ ойлголтыг оруулж ирсэн. Улс төрчдийн эрх мэдлийг ашиглан тендер авдаг, тэднийг санхүүжүүлдэг, хөрөнгө орлогоо тайлбарлаж чадахгүй байгаа хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийг мөн адил хураахаар тусгасан.
Авлигачдын хураагдсан хөрөнгөөр 1-2 жилийн дотор сургууль, цэцэрлэг барьж, авлигын индексийг бууруулах нь энэ хуулийн гол зорилго гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.