🔴О.Номинчимэг: Төрөөс дэмжлэг үзүүлж, царцсан барилгуудыг ашиглалтад оруулан иргэдийг хохиролгүй болгоход анхаарна

AI хөрвүүлсэн

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос орон сууцны захиалга өгөөд залилуулж, хохирсон иргэдийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгууллаа. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: 

-Иргэдийн орон сууцтай болох мөрөөдлийг цөхрөл болгож байгаа энэ асуудалд гол хоёр хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин маш сул байснаас үүдэн барилгын компаниуд болон овжин этгээдүүд иргэдэд хоосон цаас үзүүлэн хөрөнгө босгож, залилан хийх нөхцөлийг бүрдүүлсэн. Үүнийг хянах, хязгаарлах хуулийн зохицуулалт байхгүй байсан тул хууль эрх зүйн орчныг нэн даруй сайжруулах шаардлагатай байна.

Хоёрдугаарт, энэ асуудал 7-10 гаруй жил үргэлжилж, иргэд төрийн байгууллагуудад хандаад цөхөрсөн байдалтай байна. Төрийн байгууллагуудын үйлчилгээ, иргэдийн санал гомдлыг шийдвэрлэх хүртээмж хангалтгүй байгаа нь эндээс харагдана. Салбарын хууль орж ирэхэд хурдан батлагддаг хэрнээ иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд төр хойрго хандаж, бодлогын эрэмбэдээ оруулахгүй орхигдуулж ирсэн. Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тухайлсан бичиг явуулсан ч тодорхой үр дүн гарахгүй байгаа тул ийнхүү олон нийтийн анхаарлын төвд авчирч, нээлттэй шахалт үзүүлэхээр ажиллаж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч компаниудын төлөөлөл хангалттай оролцсонгүй. Хохирсон иргэдийн хувьд шүүхээр явж цаг алдахаас илүүтэйгээр зөвхөн байрандаа орох хүсэлтэйгээ илэрхийлж байгаа. Төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд нөхцөл байдал харилцан адилгүй байна. Зарим нь иргэдээс мөнгө босгоод хил даваад зугтсан, эзэн холбогдогч нь олдохгүй байгаа бол нөгөө хэсэг нь хөрөнгө мөнгөө буруу зарцуулсан, төлөвлөлтөө алдсан, эсвэл цар тахлын нөлөөгөөр санхүүгийн хүндрэлд орж төсөл нь зогссон тохиолдлууд ч байна.

Тиймээс бид үүсээд буй нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашид төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлж, царцсан барилгуудыг ашиглалтад оруулан иргэдийг хохиролгүй болгох тал дээр гарц шийдэл эрэлхийлж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд Өргөдлийн байнгын хороон дээр хянан шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Тухайлсан төслүүд дээр хяналт шалгалт хийнэ. Улмаар шийдэл гарцаа тодорхойлж, Улсын Их Хурлын тогтоол санаачлан Засгийн газар болон холбогдох бусад байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллах болно гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.