180 орчим жилийн өмнө сураггүй болсон дөрвөн далайчны шарилд ДНХ-ийн шинжилгээ хийж тогтоов
Канадын Ватерлоогийн их сургуулийн антропологийн судалгааны баг 180 орчим жилийн өмнө сураггүй алга болсон Сэр Жон Франклины экспедицийн дөрвөн далайчны шарилд ДНХ шинжилгээ хийж, хэн болохыг нь албан ёсоор таньж тогтоосноо зарлалаа. Тус эрдэм шинжилгээний баг Канадын Арктикийн бүсээс олдсон шүд, ясны олдвороос ДНХ-г нь ялган авч, өдгөө амьд сэрүүн байгаа үр удамтай нь харьцуулан судалснаар уг түүхэн нээлтийг хийсэн байна.
Сэр Жон Франклины удирдсан уг экспедиц нь Баруун хойд гарцыг хайх, соронзон орны өгөгдөл судлах зорилгоор 1845 онд 129 хүний бүрэлдэхүүнтэйгээр Англиас хөдөлсөн түүхтэй аж.
Гэвч 1846 онд хөлөг онгоцууд одоогийн Канадын Нунавут мужийн Кинг Уильям арлын ойролцоо мөсөнд гацаж, бүрмөсөн зогсжээ. Франклин нас барж, хөлөг онгоцууд хоёр жил орчим мөсөнд боогдсоны эцэст амьд үлдсэн 105 хүн 1848 оны дөрөвдүгээр сард хөлгөө орхин өмнө зүг рүү явган алхсан боловч нэг ч хүн амьд гараагүй юм байна.
ДНХ-ийн шинжилгээгээр хэн болох нь тогтоогдсон хүмүүсийн гурав нь "HMS Erebus" хөлөг онгоцны багийн гишүүд бөгөөд тэдний шарилыг Кинг Уильям арлын Эребус булангаас олжээ. Эдгээр нь нэгэн усан цэрэг, 17 настай залуу хөвүүн болон бага тушаалын офицеруудын үйлчлэгч Жон Бриженс нар юм.
Сонирхолтой нь, Жон Бриженсийн амьд сэрүүн байгаа үр удмын нэг нь ВВС агентлагийн сэтгүүлч Рич Престон бөгөөд тэрээр судалгаанд зориулж ДНХ-ийн дээжээ өгсөн байна. Харин дөрөв дэх далайчин болох "HMS Terror" хөлөг онгоцны ахмад Харри Пегларын шарилыг 130 орчим км-ийн зайд орших Гладман Пойнт хэмээх газраас илрүүлжээ.
Харри Пегларын хэн болохыг баталгаажуулсан явдал нь 160 гаруй жил үргэлжилсэн түүхэн маргааныг эцэслэжээ.
Учир нь, 1859 оны тавдугаар сард Британийн Тэнгисийн цэргийн судлаач Фрэнсис Леопольд МакКлинток нэгэн араг яс олсон бөгөөд түүний хажууд байсан бичиг баримтууд нь түүхэнд "Пегларын бичвэрүүд" хэмээн алдаршсан байдаг. Бичиг баримт дотор далайчны үнэмлэх, захидал, яруу найраг байсан хэдий ч талийгаачийн өмсөж байсан дүрэмт хувцас нь Пегларын цолтой тохирохгүй байсан тул түүхчид уг цогцсыг хэнийх болох талаар зуу гаруй жилийн турш мэтгэлцсэн юм. Тэгвэл түүний эгчийнх нь гуч охинтой ДНХ нь төгс тохирсноор уг шарил Пегларынх болохыг эцэслэн баталсан бөгөөд тэрээр генетикийн шинжилгээгээр хэн болох нь батлагдсан "HMS Terror" хөлгийн анхны бөгөөд цорын ганц гишүүн болж байна.
Орчин үеийн шинжлэх ухааны дэвшил нь олон зуун жилийн өмнөх түүхэн оньсогыг тайлж, сураггүй болсон хүмүүсийн хувь заяаг тодруулахад цаашид ч чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.
Эх сурвалж:
• cbc.ca
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.