Монголын Арилжааны Телевизүүдийн холбооноос УИХ-д хандан мэдэгдэл гаргалаа
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг дахин
хуульчлах асуудлыг хэлэлцэхийг эсэргүүцэх тухай
Монголын арилжааны телевизүүдийн дуун холбоо НҮ ТББ-аас Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “худал мэдээлэл тараах” гэмт хэргийн зохицуулалтыг дахин хуульчлах аливаа оролдлогыг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн хүний эрхийн үүрэг, хэвлэлийн эрх чөлөөний баталгаанд харш гэж үзэж, дараах албан шаардлагыг хүргүүлж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “эрх чөлөө, хууль дээдлэх” зарчим, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, мөн зүйлийн 17 дахь заалтын мэдээлэл хайх, хүлээн авах эрх, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн Үндсэн хуульд хууль бүрнээ нийцсэн байх шаардлагыг зөрчсөн гэж дүгнэсэн.
Монгол Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаар тогтоолоор дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг агуулга, зорилго, үр дагаврын хувьд ижил буюу төстэй байдлаар дахин хуульчлах нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Улсын Их Хурлын өөрийнх нь хүчин төгөлдөр шийдвэрийг үгүйсгэсэн, хууль дээдлэх зарчимд харш үйлдэл болно.
Монгол Улсын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлд уг хуулийн зорилтыг Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино гэж, 2 дугаар зүйлд хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно гэж тус тус заасан. Иймд сэтгүүл зүйн үйл ажиллагаа, олон нийтийн ашиг сонирхлын асуудлаар мэдээлэл түгээх, шүүмжлэл хэлэх, төрийн байгууллага, албан тушаалтанд хяналт тавих эрхийг эрүүгийн хариуцлагын эрсдэлээр хязгаарлах нь хуульд нийцэхгүй.
Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын оролцогч улсын хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхийг баталгаажуулах үүрэгтэй. Тус пактын 19 дүгээр зүйлд энэ эрхийг зөвхөн хуульд заасан, зайлшгүй шаардлагатай, бусдын эрх, нэр хүндийг хамгаалах буюу үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журам, эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах зорилгод нийцсэн тохиолдолд хязгаарлаж болохоор тогтоосон. НҮБ-ын Хүний эрхийн хорооны Ерөнхий тайлбар 34-т үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь ардчилсан нийгмийн үндэс суурь бөгөөд аливаа хязгаарлалт нь шаардлагатай, тохирсон, хэт өргөн бус байх ёстой гэж тайлбарласан байдаг.
Иймд бид дараах шаардлагыг хүргүүлж байна:
- Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг агуулга, зорилго, үр дагаврын хувьд ижил буюу төстэй байдлаар дахин хуульчлах асуудлыг хэлэлцэхээс татгалзах;
- Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлт болон Улсын Их Хурлын 2025 оны 123 дугаар тогтоолыг бүрэн биелүүлж, Үндсэн хуульд нийцээгүй гэж нэгэнт тогтоогдсон зохицуулалтыг сэргээх аливаа хууль тогтоох ажиллагааг зогсоох;
- Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа, иргэдийн мэдээлэл авах эрхэд эрүүгийн эрх зүйн дарамт учруулах аливаа зохицуулалтыг хууль тогтоомжийн төслөөс хасах.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг дахин хуульчлах асуудлыг хэлэлцэхгүй байхыг албан ёсоор шаардаж байна.
МОНГОЛЫН АРИЛЖААНЫ ТЕЛЕВИЗҮҮДИЙН ДУУН ХОЛБОО НҮ ТББ
Зургийн цомог
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.