Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлана

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлана

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 55 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. 

Энэ талаарх Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа явуулсныг дурдаад тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасны дагуу анхны хэлэлцүүлгээр эцэслэн батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа асуулт асууж, хариулт авсны дараа “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг батлах санал хураалтыг Эрхтэн эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсны дараа явуулах тул төслийг Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Тогтоолын төсөл батлагдсанаар хуульд заасан эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага бий болох хүртэл шилжилтийн үеийн асуудлыг шийдвэрлэнэ. Мөн Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах хуваарь, холбогдох журмыг хуульд нийцүүлж, хууль хоорондын зөрчил үүсэхээс сэргийлэхийн зэрэгцээ иргэд олон нийт, эрүүл мэндийн байгууллагын алба хаагч, эмч, мэргэжилтнүүд хуулийн талаарх сургалт сурталчилгээг нэгдсэн байдлаар өгч  ойлголтыг нэмэгдүүлэх юм.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 62 саналаар хураалт явуулжээ. 

Дараа нь Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцолжээ. 

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Б.Батбаатар, Ц.Баатархүү, Д.Пүрэвдорж нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Нийгмийн даатгалын сангаас олгох холбогдох хуулийн  8.3-т “нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Үндэсний зөвлөл батална” гэж, 2023 оны  наймдугаар сарын 2-нд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс “3 сая 500 мянган төгрөгийг амьгүй донор болж эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгоно” гэж тэтгэмжийн хэмжээг нь тус тус заасныг дурдаад Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төсөлд энэ асуудал батлагдахаар тэтгэмжийн давхардал үүсэх эсэхийг лавласан.

Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Нийгмийн даатгалын тухай хуулиар шимтгэл төлсөн нийгмийн даатгалын харилцаанд орсон хүн бүр оршуулгын тэтгэмж авдаг. Энэ нь донор болсон эсэхээс үл хамаарч олгогддог гэдгийг тодотгов. Мөн тэрбээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл амьгүй донорын ар гэрт нь хүндэтгэл үзүүлэх ийм шийдвэрийг гаргасан. Оршуулгын тэтгэмжийг ердийн тэтгэмжээсээ нэмэгдүүлж олгоё гэж үзсэн. Иймд хуулийн төсөлд оруулсан өөрчлөлт нь амьгүй донорын гэр бүлд нь Эрүүл мэндийг дэмжих сангаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр оршуулгын тэтгэмж олгох зохицуулалтыг тусгасан гэж хариулав.

Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  52 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төсөл батлагдсанаар амьгүй донор эрүүл мэндийн даатгал төлсөн эсэхээс үл хамааран Эрүүл мэндийг дэмжих сангаас гэр бүлд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгын тэтгэмж өгөхтэй холбоотой хуулийн зохицуулалт тодорхой болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.