Нийгмийн халамжийн хуулийн шинэчилсэн төслийг хэлэлцлээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, олон талын санал авах зорилготой хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт төрийн болон олон улсын байгууллага, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллага, судлаачдын төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцож, салбарын бодлогын шинэчлэлийн талаар санал солилцов.
Хэлэлцүүлгийн үеэр нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, халамж, урамшуулал болон гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээг ялгаж зааглах, иргэдийн хэрэгцээнд суурилсан бэлэн мөнгөний бус үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо.


Мөн халамжийн арга хэмжээг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулж, өрх, иргэдийг ядуурлаас гаргах, амьжиргаа багатай өрхийн гишүүдийг чадавхжуулах урт хугацааны үйлчилгээ нэвтрүүлэх хэрэгцээг дурдав.
Түүнчлэн үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх замаар үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх саналууд дэвшүүлэгдсэн байна. Оролцогчид нийгмийн халамжийн сангийн зардлын ихэнх хувийг эзэлдэг хүүхдийн мөнгө, 0-3 насны хүүхэд асарсны болон жирэмсэн эхийн тэтгэмж зэрэг эх, хүүхдэд чиглэсэн үйлчилгээг халамжийн бодлогоос тодорхой зааглаж, олон нийтэд зөв ойлголт өгөх шаардлагатайг мөн онцоллоо.
Энэхүү хэлэлцүүлгээр халамжийн зардлыг бууруулах бус, харин санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлж, бодлогыг илүү оновчтой, зорилтот хэлбэрт шилжүүлэх нь чухал гэдэг дээр талууд санал нэгдэв.
Уг арга хэмжээ нь зөвхөн санал солилцохоос гадна бодлогын түвшинд бодит өөрчлөлт хийхэд чиглэсэн ач холбогдолтой болсныг оролцогчид тодотгож байна.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.