🔴Ч.Лодойсамбуу: Эрх баригчид хүч түрэн дайрсны уршгаар Туулын замын төсөл гацаж, улс 500 тэрбум төгрөгөөр хохирох эрсдэл үүсээд байна

AI хөрвүүлсэн

Ардчилсан намын зүгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын эхэнд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан олон нийтийн мэдэх эрхийг хангаж, төрийг зөв чиглүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж буй нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлэв.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: 

-Туулын хурдны зам буюу нэгдүгээр тойрог замын төслийн асуудлаар УИХ-ын 40 гаруй гишүүн гарын үсэг зурж, энэ асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулахаар санаачилсан. Гэтэл эрх баригч намын зүгээс ажлыг гацааж, зогсоох хандлагатай байна. Хууль хяналтын байгууллага ажлаа хийхээс өмнө сошиал сүлжээгээр шүүдэг буруу жишиг тогтсон байна.

Нийслэлийн төсөв 2016 онд 550 тэрбум төгрөг байсан бол 2026 онд дөрвөн их наяд хүрэхээр өссөн. 2021 оноос хойш нийслэл бие даан бонд гаргах, татвар хураамж тогтоох, концесс шалгаруулах онцгой эрхтэй болсноор иргэдийн татварын ачаалал эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот гадаад зах зээлээс 500 сая ам.долларын бонд, олон улсын байгууллагуудын зээл, дэд бүтцийн батлан даалт зэргийг нийлүүлээд 1.5-аас 2 тэрбум ам.доллар буюу долоо орчим их наяд төгрөгийн өр тавиад байна. Энэ нь Монгол Улсын нийт төсвийн 30 орчим хувьтай тэнцэх хэмжээний ачаалал. Үндэсний аудитын газраас нийслэлийн төсвийн сахилга бат сул, худалдан авалт ил тод биш, үр дүнгийн үнэлгээгүй байгааг жил бүр анхааруулсаар ирсэн.

Ардчилсан нам бүтээн байгуулалтыг эсэргүүцээгүй. Харин хуулийн дагуу, төсөв ил тод, байгаль орчны үнэлгээтэйгээр хийгдэх ёстой гэсэн байр суурьтай байна. Гэвч эрх баригчид хүч түрэн дайрсны уршгаар төсөл гацаж, улс орон 500 тэрбум төгрөгөөр хохирох эрсдэл үүссэн. Мөн өөрсдийнх нь шийдвэрийг эсэргүүцсэн НИТХ-ын даргыг яаравчлан огцруулсан нь нэг намын дарангуйллын тогтолцоог санагдуулж байна гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.