Чингэлтэйн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудад торгох ял дахин оноолоо
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн тасгийн даргаар ажиллаж байсан Г.Алтанзаяа, хяналт, шалгалтын байцаагч Г.Энэбиш нарт холбогдох бусдаас хахууль авсан хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
Г.Алтанзаяа, Г.Энэбиш нар нь 2020 онд “Тансаг өндөр констракшн” ХХК-ийн захирал З.Тамирын гуйлтаар “Ачтан” эмнэлгийн эмч Д.Энхтүвшинг тухайн компанид ажиллаж байсан мэтээр баримт бүрдүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тэтгэврийнх нь хэмжээг өндөр дүнтэй тогтоож өгөхийн тулд хахууль өгөхийг шаардсан. Улмаар хууль бус хүсэлт бичүүлэн, хүлээн авч, хяналт, шалгалтын байцаагч Г.Энэбиштэй хамтран дутуу тооцсон шимтгэл, алдангийг нөхөн төлүүлэх тухай хуурамч акт гаргасан. Үүнийхээ хариуд “Тансаг өндөр констракшн” ХХК-ийн захирал З.Тамираас нэг бүр нь 5.4 сая төгрөгөөр үнэлэгдэх “Dell OptiPlex 3070 desktop” загварын хоёр суурин компьютер хахуульд авсан хэрэгт холбогдсон юм.
Тэдэнд холбогдох хэргийг өмнө нь нэг удаа дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн, хахууль авсан гэм буруутайд тооцож, уг хоёр хүний нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, Г.Алтанзаяад 12, Г.Энэбишид 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэж байв. Энэ удаад ч мөн дээрх хоёр хүнийг хахууль авсан гэм буруутайд тооцож, Г.Алтанзаяагийн нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жил хасаж, 16 сая төгрөгөөр торгох ял шийтгэв.
Г.Энэбишийн нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасан, 12 сая төгрөгөөр торгохоор болж, гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.