Энэ онд Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой тохиож байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын удирдлагын багийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр хамтын ажиллагааны явц, ололт амжилт, цаашдын чиглэлийн талаар санал солилцсон байна.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс болон НҮБ-ын хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлж, нийгэм, эдийн засагт өгөөжтэй үр дүн гаргахад НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, түүний удирдлага, баг хамт олон үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлжээ.


Геополитикийн зөрчил, улс орнуудын мөргөлдөөн олон улсын харилцаанд тодорхойгүй, тогтворгүй байдал үүсгэж буй энэ үед дэлхий нийтийн үйл хэрэгт НҮБ-ын үүрэг, оролцоо улам бүр чухал болж байгааг Ерөнхий сайд онцлов.
Тэрээр мөн энэ онд Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой тохиож буйг дурдаж, ойн хүрээнд хамтран зохион байгуулах арга хэмжээнүүдэд онцгой ач холбогдол өгч буйгаа тэмдэглэлээ.
Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж байгааг Ерөнхий сайд Н.Учрал тэмдэглээд, Засгийн газар хүний хөгжлийг бодлогын цөм болгож, цахим шилжилтийг хурдасгах, ногоон хөгжилд инновац, хөрөнгө оруулалтыг дэмжих, байгаль орчны доройтлыг сааруулж, нөхөн сэргээх чиглэлд тууштай ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжлийг дэмжих чухал ач холбогдол бүхий тогтоол баталсныг онцолсон.
“Монгол Улс-НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023–2027” хөтөлбөрийн хэрэгжилтийг талууд сайшаан үнэлж, цаашид улам бүр үр дүнтэй, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санал нэгдсэн байна.
Мөн НҮБ-аас Монгол Улсад 2028–2032 онд хэрэгжүүлэх таван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулна гэдгээ Суурин зохицуулагч Яап ван Хиерден мэдэгдлээ.
Тэрээр Монгол Улсын Засгийн газар ногоон хөгжлийг бодлогын тэргүүлэх чиглэл болгож байгаад талархал илэрхийлээд, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр Ерөнхий сайд болон түүний танхим чухал шийдвэрүүд гаргаж буй нь НҮБ-ын бодлого, зорилттой нийцэж байгааг онцлов.


Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулах бэлтгэл хангахад НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон төрөлжсөн байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийлээд, хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.